Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж буй энэ үед Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч болзошгүй нэг асуудал үүсээд байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуульдаа нэг удаа зургаан жилээр сонгогдох заалтыг оруулсан ч яг хэдэн оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хэрэгжүүлж эхлэхийг тодорхой болгоогүй учраас Үндсэн хуулийн Цэцэд маргаан дагуулж болзошгүй байна.
Хууль санаачлагчдын зүгээс 2021 оны сонгуулиар хэрэгжих ёстой гэж үзэж байгаа ч Үндсэн хуулийн дагалдах журамдаа тодорхой тусгаж өгөөгүй учраас ийн маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших зорилго өвөртлөн зургаан жилээр нэг удаа сонгогдох заалтыг Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгаж таарна. Энэ тохиолдолд зарим хуульчийн тайлбарлаж байгаагаар, хугацаа тогтоогоогүй учраас хуулийн цоорхойгоор Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсэх нь тодорхой гэнэ. Хамгийн гол нь 2021 он уу, эсвэл 2028 оноос хэрэгжүүлэх үү гэдгийг тодорхой заагаагүй нь ийн маргааны эхлэлийг тавьжээ.
У.Тэргэл