Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэрэг өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны 20.00 цагийн орчимд гарсан байна. Тодруулбал, тус хороонд байрлах 6 нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг 60 настай Н гэгчийг дэлгүүртээ ганцаараа байхад нь 20 орчим насны залуу орж ирэх айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмдээд зугтсан аж.
Уг хэргийн мөрөөр цагдаагийн албан хаагчид шалгалт явуулж, тэнэмэл байдлаар амьдардаг, 21 настай эрэгтэй О гэгч нь энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял, 17.2.2-т: Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял, 17.3-т: Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар тус тус хорих ял шийтгэхээр заасан байдаг аж.