
Бельги-Америкийн физикч Фрэнсис Халзен 2026 оны физикийн салбарын Нобелийн шагнал хүртлээ. Түүнийг Өмнөд туйлд байрлах IceCube нейтрино ажиглалтын төвийг хөгжүүлэхэд оруулсан шийдвэрлэх хувь нэмэр, мөн астрофизикийн гаралтай өндөр энергитэй нейтриног илрүүлсэн ажлынх нь төлөө шагнасан байна. 82 настай Халзен нь Висконсин-Мэдисоны их сургуулийн профессор бөгөөд нейтрино хэмээх сансар огторгуйн маш ховор илэрдэг бөөмсийг судлах чиглэлээр олон арван жил ажиллажээ.
Нейтрино нь цахилгаан цэнэггүй, маш бага масстай бөөмс бөгөөд бодистой тун ховор харилцан үйлчилдэг. Тиймээс дэлхий болон хүний биеэр асар олон тоогоор нэвтэрч өнгөрдөг ч тэдгээрийг шууд илрүүлэхэд маш хэцүү байдаг.
Халзен 1988 онд Өмнөд туйлын тунгалаг мөсийг нейтрино илрүүлэх асар том төхөөрөмж болгон ашиглах санааг анх дэвшүүлжээ. Түүний санаанд үндэслэн Антарктидын мөсөнд хэдэн мянган гэрэл мэдрэгч суурилуулж, нейтрино атомын цөмтэй маш ховор мөргөлдөх үед үүсэх өчүүхэн гэрлийн дохиог бүртгэх системийг бүтээсэн байна.

Ийнхүү Өмнөд туйлын мөсөнд ойролцоогоор нэг шоо километрийн хэмжээтэй IceCube ажиглалтын төв бий болжээ. Тус байгууламж 2011 онд бүрэн ашиглалтад орсон бөгөөд алс холын сансар огторгуйгаас ирэх өндөр энергитэй нейтриног илрүүлэх боломжийг эрдэмтдэд олгосон юм.
Нейтрино нь сансар огторгуйгаар бараг өөрчлөгдөхгүй, чиглэлээ алдалгүй аялдаг онцлогтой. Иймээс тэдгээрийг судалснаар асар хүчтэй оддын дэлбэрэлт, гамма-цацрагийн тэсрэлт, хар нүх болон бусад эрс тэс үзэгдлийн талаар шинэ мэдээлэл авах боломжтой.
IceCube-ийн судалгаагаар нейтрино одон орон судлалын шинэ салбарын үндэс тавигдсан гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь гэрэл болон бусад уламжлалт аргаас өөр замаар орчлон ертөнцийн хамгийн алслагдсан, хүчирхэг үзэгдлүүдийг судлах боломжийг нээжээ. Нобелийн шагналын хэмжээ 12 сая швед крон буюу ойролцоогоор 1.2 сая ам.доллар бөгөөд энэ жилийн физикийн шагналыг ганц эрдэмтэн хүртсэн байна.
Л.Баяр




















































