Канадын Гадаад хэргийн болон Олон улсын худалдааны сайд нартай уулзав

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгой” төсөл болон Монгол Улсын уул уурхай, түүний эрх зүйн зохицуулалтын талаар хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж, сонирхсон бусад асуудалд нь хариулт өгөв.
Парламентын сенаторыг хүлээн авч уулзлаа
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 26-ны өдөр Канадын Парламентын сенатор П.К.Нолиныг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол-Канадын хооронд уул уурхайгаас гадна соёл, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг жигд хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.
Мөн Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж байгаад нь УИХ-ын дарга талархал илэрхийллээ.
Канадын Хүнс, хөдөө аж ахуйн сайд УИХ-ын даргад бараалхав
Канад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жерри Ритц тус улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 26-ны өдөр бараалхав.
Тус улсын Парламентын ордонд болсон энэхүү уулзалтын үеэр Канад, Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, эдгээр салбаруудад Канад Улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэх боломжийн талаар хөндөж ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.