
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Дондовын Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд танилцуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн болно.
-Тус Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажилтай Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороон дээр танилцсан дүнг хэлэлцэв. Байнгын хорооноос дээрх байгууллагуудын удирдлагад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн тогтоол гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба