
Ардчилсан тодотголтой 104 орны зочид төлөөлөгч энэ өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо цуглан хуралдаж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг хоёр дахь жилдээ даргалж буй манай улсын хувьд тус нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь энэ юм. Хуралд оролцохоор ирсэн дэлхийн 104 орны сайд нар, зочид төлөөлөгчид нийлсэн 1215 зочин, мөн 50 гаруй орны хэвлэл мэдээллийн ажилтнуудын тав тухыг хангахаар улсын хэмжээнд томд тооцогдох 10 зочид буудалд хуваарилан байрлуулжээ. Тухайлбал тэднийг “Улаанбаатар, “Баянгол”, “Кемпински”, “Рамада”, “Пума”, “Чингис хаан” зэрэг зочид буудлуудад байрлуулсан байна. Мөн зарим салбархуралдаан тус буудлуудын хурлын зааланд болох аж.