
Уулзалтын үеэр сайд Л.Болд өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийг бүрэлдүүлж, ардчилсан парламент, хараат бус шүүх засаглалыг бий болгохын төлөө хэрхэн зорьж ажилласныг тодотгов. АНУ-ын Ардчиллын үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершмэн Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж АОХН-ийг тэргүүлж, улмаар ардчиллын замаар замнасан туршлага, сургамжаасаа бусад улс оронтой хуваалцах хэмжээнд хүрснийг онцлон тэмдэглэлээ.
АНУ-ын Ардчиллын Үндэсний сан нь Төв Азийн орнуудад ардчиллыг дэлгэрүүлэхэд идэвхитэй ажилладаг. Энэ хуралдааны үеэр бүс нутгийн олон төлөөлөгчидтэй уулзаж ярилцах завшаан тохиолдож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ боломжийг олгосон Монгол Улсад талархлаа илэрхийллээ. Тус сангаас Ази номхон далайд Ардчиллыг хөгжүүлэх сүлжээг бий болгох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ үйл хэрэгт Монголын төр засаг болон төрийн бус байгууллагууд хувь нэмрээ оруулан хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.