
Уг тунхаглалд АОХН-ийн улс орнууд Варшавын тунхаглалын зарчим, үзэл санааг дэмжин ажиллахын төлөө байгаагаа нотолж, дэлхий дахины ардчиллын төлөв байдлыг шинжлэн дүгнэж, цаашид тулгарах сорилт бэрхшээлийг даван туулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн заалтууд тусгажээ. Энэ үеэр төлөөлөгчид Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэнд баяр хүргэж, амжилт хүссэн байна.
Хуралдааны нээлтэд Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ АОХН-ийн улс орнууд Бага хуралдаа олноор ирж оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, улс орнууд, ялангуяа удирах зөвлөлийн орнуудын хүч чармайлт, хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс тус нийгэмлэгийн үйл ажиллагааг амжилттай даргалж ирснийг онцлон тэмдэглэж, талархал дэвшүүлэв.
Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурал болж буй бөгөөд хуралд 104 орноос төлөөлөгч ирж оролцож байгаа билээ. Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна иргэний нийгэм, парламент, эмэгтэйчүүд, залуучууд, бизнесийн салбарынхан өөр өөрсдийн чуулга уулзалтыг тус тус зохион байгуулж байна.
Өнөөдрөөс эхлэн салбар хуралдаануудаас гарсан нэгдсэн зөвлөмжийг эцэслэн батлах юм.