
Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт энэ сарын 14-ний ням гарагт болсон бөгөөд тойргийн хороо хуульд заасан хугацаа буюу санал хураалт явагдсанаас 14 хоногийн дотор СЕХ-нд тогтоолоо хүргүүлсэн байна. Дахин санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар олонхийн санал авч, тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байгаа. Харин АН-ын зүгээс дахин санал хураалтын явц хууль зөрчсөн хэмээх гомдол гаргасан билээ. Гэхдээ тойргийн хорооны даргын тайлбарлаж буйгаар 2013 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалт нь УИХ-ын 2012 оны сонгуулийн үргэлжлэл тул тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой гэсэн тайлбар хийгээд байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр СЕХ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны тогтоолын талаар өнөөдөр хэлэлцээд, сонгуулийн дүнг маргааш УИХ-ын даргад өргөн мэдүүлэх юм байна.