Өчигдөр УИХ-ын гишүүн М.Батчимэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниертэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. М.Батчимэг гишүүн хэлэхдээ, "ЕАБХАБ-д гишүүнээр элссэн явдал нь Монгол Улсын аюулгүй байдлын салбарын гадаад харилцааг тэнцвэржүүлсэн чухал алхам болох юм. Тус байгууллагатай цагдаа, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын шинэчлэл болон аюулгүй байдлын салбар дахь парламентын хяналтыг бэхжүүлэх зэрэг цэрэг-батлан хамгаалахын бус чиглэлүүдээр хамтран ажиллах хэрэгтэй. Түүнчлэн хилийн боомтыг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийх, боловсон хүчнийг бэлтгэх, техник, арга зүйн туслалцаа авах нь чухал байгаа" гэв.Харин Ламберто Занниер түүний дурдсан чиглэлүүдээр ЕАБХАБ-ын зүгээс хамтран ажиллах сонирхол өндөр байгааг илэрхийлсэн юм.
Тус байгууллага нь гишүүн орнуудад хил хамгаалах, цагдаагийн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр туршлажсан юм. Монгол Улсад ч мөн адил тухайлан зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой хэмээн уулзалтын үеэр онцоллоо.
24tsag.mn



















































