
Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
“Эврика” эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Улсын бүх их, дээд сургуулийн багш, оюутны оролцоог хангадаг үндэсний хэмжээний хамгийн том эрдэм шинжилгээний бага хурал юм.
Аливаа улсын хөгжлийн гол тулгуур нь шинжлэх ухаан байдаг. Бид улс эх орныхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ ахмад эрдэмтдийнхээ үгийг сонсохын зэрэгцээ ирээдүйн эрдэм судлалын ажилд хүч сорих залуучуудаа дэмжиж ажиллах нь нэн чухал юм. Тийм ч учраас энэ жилийн “Эврика 2013” эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор зохион байгуулж байна.
“Эврика 2013” эрдэм шинжилгээний бага хурлыг их, дээд сургуулийн сургалтын чиглэлийг харгалзан Байгалийн, Мэдээлэл технологийн, Техник, технологийн, Нийгмийн, Эдийн засгийн, Анагаахын, Газарзүй, геологийн, Экологийн, Хөдөө аж ахуйн зэрэг нийт 8 салбарт зохион байгуулж байна.
Дээрхи чиглэлээр Улаанбаатар хотын 60 гаруй их, дээд сургууль болон Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймгийн нийт 160 орчим багш, оюутнууд өөрийн судалгааны бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.
“Эврика 2013” эрдэм шинжилгээний бага хурлын эхний хоёр шатанд сургуулийн болон салбар бүрийн шилдэг багш, оюутны бүтээлүүдийг шалгаруулсан бол өнөөдөр 3 дахь шатны шалгаруулалтаар шилдгийн шилдэг 1 залуу багш, 1 оюутныг тодруулахаар төрийн ордны их танхимд хуран цуглаад байна.
Ингээд “Эврика 2013” эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод өндөр амжилт хүсч, шилдэгийн шилдэгээ тодруулах 3 дахь шатны хурлыг нээснийг мэдэгдье.