
Зам, тээврийн сайд А.Гансүх ХБНГУ-ын Холбооны Бундестагийн гишүүн, Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Питер Рамзауэрийн урилгаар Лайпциг хотод болж буй "Олон улсын тээврийн форум-2013"-д оролцож байна. ОУТФ-ын 2013 оны ээлжит чуулган нь "Тээврийг санхүүжүүлэх нь" гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд тээврийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба ялангуяа санхүүжилтийн шинэлэг арга хэлбэрүүд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ зарчмууд, хувийн хөрөнгө оруулалтыг татах ба дэмжих өвөрмөц аргууд, эдийн засаг, санхүүгийн тогтвортой, үр өгөөжтэй байдлыг хангах, төлөвлөлт ба зарцуулалтыг оновчтой хийх зэрэг олон сэдвээр хэлэлцжээ.
Зам, тээврийн сайд А.Гансүх уг хуралд оролцохын зэрэгцээ ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Питер Рамзауэр, "Дойче Баан" компанийн ТУЗ-ийн дарга Рудигер Грубе нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож Зам,тээврийн яам болон ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурах юм.