Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн оло
нхын саналаар Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ахлан ажиллахаар болов.Үүний дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байлаа. Асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, Монгол Улсын банкны системийн тогтвортой байдлын талаар нарийн зүйлс яригдах учир асуудлыг хаалттай хэлэлцэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан хаалттай горимд шилжлээ. Эдийн засгийн байнгын хороо санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



















































