МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж намын Их, Бага хурлын урьдчилсан товыг гаргажээ. Гишүүд намын Бага хурлыг Улсын баяр наадмын дараа буюу 7-р сарын 20-ны үед хийх бол Их хурлыг 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр хуралдуулахаар тохирсон байна. "Шинэчилье" хөдөлгөөнөөс Бага хурлыг наадмын өмнө хийх хүсэлт тавьсан ч энэ жил олон аймгийн ой тохиож буй тул амжихгүй хэмээн ийм урьдчилсан тов гаргасан аж.Хурлаар МАН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо юун дээр алдсан, ямар асуудал дээр оносон талаараа хэлэлцсэн байна. Мөн МАН-ын нэрийн өмнөөс төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхаа авлига, хээл хахуулийн асуудалд орооцолдсон хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзжээ.
Удахгүй болох МАН-ын Бага хурлаар нэгт, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаар дүгнэлт хийх, хоёрт, Их хурлын товыг зарлах юм байна. Мөн намын шинэчлэлийн асуудлаар ажлын хэсэг гарч МАН-ын нийт гишүүд дэмжигчдийн саналыг нэгтгэх ажил хийх аж. Ер нь цаашлаад гишүүдийн ёс зүйн стандартыг шинэчилж, мөнгө, тендер гэх мэт буруу зүйлтэй холбогддог асуудлыг цэгцлэх болсон талаар МАН-ын Ерөнхий бичгийн дарга Г.Занданшатар хэллээ.
Т.Энхэлээ



















































