
Тус намын залуу гишүүд "Шинэчилье" хөдөлгөөн байгуулж намынхаа удирдлага болон бодлого төлөвлөлт гээд бүх зүйлийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар энэ талаар “Хэвлэл мэдээллээр манай нам хоёр хуваагдаж, талцсан мэт мэдээлж байна. МАН талцаж хуваагдаагүй, намаа шинэчлэх, өөрчлөх гэсэн хүсэлтэй залуус, ахмадууд, гишүүд ч олон бий. Намын удирдлага тэднийг дэмжиж, саналыг нь хүлээн авч байгаа. Тэдний Удирдах зөвлөлийн хурлаар хүргүүлсэн таван зүйл заалт бүхий уриалгыг намын удирдлагууд хүлээн авсан. Энэ дотроос хамгийн ихээр дэмжиж байгаа нь МАН-ын нэрээр өндөр албан тушаал хашиж байгаад авлигын хэрэгт холбогдсон бол шалгуулж, хариуцлага хүлээлгэх асуудал юм. Ер нь гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөрсгөх, авлигын нэг шалтгаан болсон улс төрийн санхүүжилтыг ил тод болгох талаар тусгай бодлого боловсруулна. Намын дарга солигдсоноор шинэчлэл ирэхгүй. Харин дотоод ардчилалтай байж, шинэчлэлийг шат дараатайгаар хийх нь чухал. МАН-ын залуус, удирдлагууд ч намаа шинэчилье гэсэн нэгэн зорилготой бөгөөд харин үүний тулд намын Бага хурлаа яаралтай хуралдуулж асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа" гэж байгаа юм.
Энэ сарын 20-нд болох МАН-ын бага хурлаар хурлаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон цаашид хийх ажлын талаар хэлэлцэж Их хурлын товыг гаргах ба сонгуулийн дүн, алдаа оноо, намын өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярилцах юм байна. Урьдчилан төлөвлөж байгаагаар намын Их хурлыг есдүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр хийх аж.
Т.Энхэлээ