Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг илрүүлэн, шалгаж байгаа аж.

Тиймээс цагдаагийн дүрэмт хувцастай этгээд бэлэн мөнгөөр торгууль төлөх эсвэл мөнгө өгвөл явуулна гэх мэтчилэн хууль бус шаардлага тавих зэрэг тохиолдолд цагдаагийн алба хаагчдын талаарх гомдол мэдээллийг авдаг 126 дугаарын утсанд мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Энэ төрлийн хэрэг сүүлийн үед ганц, нэгээр бүртгэгдээд байгаа бөгөөд ийм төрлийн асуудал гаргавал хувцас дамжуулж хэрэглүүлсэн алба хаагчид ч хариуцлага тооцдог гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Д.Ундрах /24tsag.mn/
















































