БАРИМТ 1
Түүнийг Мягмардоржийн Баяржавхлан гэдэг.
БАРИМТ 2
Ховд аймгийн Мөст сумын уугуул.
БАРИМТ 3
"Ховд" дэвжээ, "Алдар" спорт хороо, Скайтел групп, Их Засаг ИС-ын бөх.
БАРИМТ 4
2001 оны тавдугаар сарын 6-нд төрсөн.
БАРИМТ 5
Биеийн өндөр 189 см, биеийн жин 139 кг.
БАРИМТ 6
“Скайтел” ХХК өнгөрсөн хоёрдугаар сард түүнтэй хамтран ажиллаж эхэлсэн.
БАРИМТ 7
2018 онд Сумын заан болсон. 2020 онд Сумын заан цолоо баталжээ.
БАРИМТ 8
2021 онд Аймгийн начин болжээ. Улмаар 2023 онд Ховд аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж Аймгийн арслан болсон.
БАРИМТ 9
Тэрбээр аймаг, цэргийн цолтны барилдаанд нэг удаа түрүүлсэн нь 2023 онд болсон Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит барилдаан юм.
БАРИМТ 10
Харин улс аймагт хоёр түрүүтэй. Эхнийх нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Ховд аймгийн Буянт сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан юм. Уг барилдаанд тэрбээр дөрвийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэлийг, тавын даваанд Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарыг, зургаагийн даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд Улсын аварга О.Хангайг хаясан.
БАРИМТ 11
Удаах нь өнгөрсөн бямба гарагт болсон "Бест Баззер 2026" шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан юм. Уг барилдаанд тэрбээр Улсын харцага Л.Лха-Очир, Улсын начин Д.Тогтохжжаргал, Аймгийн арслан Ө.Батсуурь, Аймгийн арслан Б.Баянсүх, Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Улсын заан Д.Хүдэрбулга нарыг дараалуулан хаясан билээ.
БАРИМТ 12
Тэрбээр улс аймгийн цолтны барилдаанд хоёр удаа үзүүр булаасан.
БАРИМТ 13
Эхнийх нь 2025 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан билээ. Уг барилдаанд тэрбээр нэгийн даваанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг, хоёрын даваанд Улсын заан С.Сүхбатыг, гурвын даваанд Улсын харцага Э.Дашийг, дөрвийн даваанд Улсын аварга О.Хангайг, тавын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгоныг, зургаагийн даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг хаясан. Улмаар түрүү бөх Улсын арслан Б.Орхонбаярт өвдөг шорооджээ.
БАРИМТ 14
Удаах нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 70 жилийн ойд зориулсан барилдаан байв. Уг барилдаанд тэр дөрвийн даваанд Улсын начин Ч.Батчулууныг, тавын даваанд Аймгийн арслан Б.Баянсүхийг, зургаагийн даваанд Аймгийн арслан Ө.Батсуурийг хаяжээ. Улмаар түрүү бөх Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт унасан байна.
БАРИМТ 15
Тэрбээр Улсын аварга О.Хангайгийн багш Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн төрсөн ах Ц.Мягмардоржийн бага хүү юм.


















































Сэтгэгдэл (1)