Төрийн алба хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдан “Гал үндэстэн холбоо”-ныхон шүүхээс ял авсан байдаг. Тодруулбал, “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жил, С.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг Улсын дээд шүүхээс оноосон. Харин энэ хэрэгт буруутай болох нь тогтоогдож шүүхээс хоёр жилийн ялаар шийтгэгдсэн С.Дашцэрэн өнгөрсөн сарын 30-нд амь насаа алдсан юм. Тэгвэл талийгаачийн 49 хоног дуусаад ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад гомдол гаргахаар болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.Талийгаачийн хувьд элэгний хорт хавдар өвчний улмаас амь насаа алдсан байна. Тэрбээр Хорих 401 дүгээр ангид хоригдож байхдаа гэнэт эрүүл мэнд нь муудаж, мэс засалд орж байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сарын 11-д суллагдаад аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байсан аж.
Д.Дуулим



















































