Монголын төр үнэхээр чадамжгүй болжээ гэдгийг Б.Хурцын томилгоо ямар нэг тайлбаргүйгээр нотлоод өглөө. Албан тушаалаа хүлээлгэн өгч, хариуд нь БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын суудал амлуулаад байсан ТЕГ-ын экс дарга Б.Хурцын асуудал нийгмийг доргиож, төрийн түшээдийн хэн нь хэн бэ гэдгийг харууллаа. Томилгооны асуудал анх УИХ дээр орж ирсэн цагаас байдал эвгүйдсэн. УИХ-ын гишүүд түүнээс С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Францаас хулгайлагдаж ирээд амиа алдсан Д.Энхбатын амь насыг нэхсэнийхээ төлөө өөрсдөө дарамтад орсон гэхэд болно. Европын гурван улсын хил дамнаж, хүн хулгайлж авчирсаныхаа төлөө Англид жил орчим хугацаанд хоригдож байсан чекист Б.Хурцыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж авчирсан. Түүнийг эх оронд нь авчирахын тулд Монголын Засгийн газар өмгөөлөгчид нь цагийн 150 мянган ам.доллар төлж байсан гэдэг. Ийм үнэ цэнээр эргэж ирсэн Б.Хурц АТГ-ын дэд даргын албыг хашиж, улмаар ТЕГ-ын дарга болтлоо дэвшсэн. Эдгээр хариуцлагатай өндөр албан тушаалд ажиллаж байхдаа өөрт нь үүрэг өгсөн улс төрчид хийгээд харийн шоронд хоригдох шалтаг болсон даалгавар өгөгчдөөс хариугаа авах, улмаар улс төрчдийг дарамтлах бүхий л боломжийг ашиглаж суусан бололтой. Яагаад гэхээр Байнгын хороо, нэгдсэн чуулган дээр түүний гаргасан зан байдал болон гишүүдийн өөдөөс үг сөргөж ярьсан зүйлүүд нь илт дарамтын шинжтэй байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нарын өмнө шалгагдаж байсан хэргүүдийг сөхөж, албан үүргийн дагуу олж авсан мэдээллээ амин хувийн хэрэгтээ ашиглаж, дарамтлах гэж оролдсон нь орчин цагийн хэллэгээр “Сөрсөн базаа” байв. Үнэхээр ч тэр их зүйлийг мэдэж байгаа гэдгээ илтгэх мэт “Би цааш нь ярих уу, болих уу” гэж байн байн гишүүд рүү тохуутай харц шидлэн лавлаж байсныг цэнхэр дэлгэцээр хүн бүр харсан байх. Түүний энэ дайралтад балмагдсан УИХ-ын урагшгүй нөхөд асуудлыг цааш задгайрахаас болгоомжилж, нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх эсэх талаар шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлаад орхисон. Гал намжаах гэсэн энэ оролдлого нь сүүлдээ оч авалцсан түймэр болохыг огт тооцоолоогүй. Мэдээж, ажлын хэсэг нь “Нээлттэй сонсгол хийх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэнээ хэлээд “Үндсэн хуульд Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоог хийнэ гэж заасан тул нийтийн сонсгол хийх эрх ч бас зөвхөн Ерөнхийлөгчид хамаарна” гэж тайлбарласан байна. Үнэндээ бол Б.Хурц гэдэг хүн өөрсдийнх нь талаар өөр ямар мэдээллийг олон нийтэд цацах бол гэхээс айсан хэрэг. Ингээд УИХ Б.Хурцыг томилох эсэхээ шийдэж чадалгүй сар орчим салганан чичрэв. Тэр хэрээрээ улс төрчид хэн нэгний заавраар хөдөлдөг утсан хүүхэлдэй гэдгээ л бүрэн харууллаа. Бас Б.Хурцад бүрэн “төмсөгдүүлсэн” гэдгээ дахин нотолсон үйл явдал нь түүнийг Элчин сайдаар томилсон явдал болов. Энэ үйл явдлыг манлайлан дарцаглагч нь О.Баасанхүү гишүүн байлаа. Долоо хоногийн эхэнд өдийг хүртэл овог нь болж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяраа “огцруулан” өөрийгөө дарга хэмээн тунхаглаж, “Эвэр нь ургахаар эхийгээ мөргөдөг” ишигний үлгэрийг үзүүлсэндээ илт эрэмшсэн О.Баасанхүү ирц бүрдэхгүй өчнөөн чилийлгэсэн чуулганы хуралдаан дээр “Б.Хурцыг томилохтой холбоотой нийтийн сонсголыг хаалттайгаар хийх санал гаргаж”, батлуулж чадсан юм. Ингэснээр хэний өврөөс гарч, хэний халаасанд орсон бэ гэдгээ илчилсэн. Тагнуулчийн хонины хонхрын “жаалхүү” болсон О.Баасанхүүгийн дэмжлэгтэйгээр Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудал хаалттай хаалганы цаана, булхайгаа нийтэд дэлгэгдэхээс үнхэлцэгээ хагартал айсан хэсэг нөхдийн ханцуй доторх атгалтан дунд 96 хувийн дэмжлэгтэйгээр шийдэгдэх нь тэр. Хуралдаа ирсэн 42 хүнээс 29 нь зөвшөөрлөө гэж товчлуур даржээ.
Б.Хурцад бүрэн “төмсөгдүүлсэн” гэдгээ дахин нотолсон үйл явдал нь түүнийг Элчин сайдаар томилсон явдал болов
Б.Хурцын томилгоог эсэргүүцсэн УИХ-ын зарим гишүүн Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж, түүнд холбогдох өргөдөл гомдлыг гэрчүүдийн үг яриа, нотолгоотойгоор түмэнд хүргэж байсан ч, базаанд орсон УИХ-ын дарга ангийнхныхаа үгийг сонсолгүй, бүр огт авч хэлэлцэлгүйгээр яаран сандран томилгоо хийв. Ингэж чекист Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдов. Энэ томилгооноос харахад Б.Хурц гэдэг хүн үнэхээр Монголын төрийг рекетлэгч юм байна гэдэг нь ойлгогдоно. Түүний доогтой инээд, доромж заналхийллийн өмнө Монголын төр шалдаа бууж өгөв. Монголын төр эзэнгүй болсон нь, хэн дуртай нь ажил мэргэжлээ ашиглан мэдээлэл цуглуулж тэр хэрээрээ улс төрчдийг хөдөлгөж байдгийг батлав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр “Энэ хүн УИХ-ын гишүүдийг зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнадаг. Олж авсан мэдээллээрээ айлгаж дарамталдаг” гэж хариуцлагатай мэдэгдэж байсан нь нотлогдов. Хүний аминаас үнэ цэнэтэй төрийн томилгоо гэж байдаг аж. Монгол Улсын иргэд хилс хэрэгт гүтгэгдэж, ял авч шоронд суух бол юу ч биш юм байна. Хот орж үзээгүй, улсын нийслэл гэж юу байдгийг ч мэдэхгүй таг хөдөөний гурван нөхөрт 19 жилийн дараа С.Зоригийн амь насанд халдсан хэргийг үүрүүлчихээд хээвнэг хэрэг илэрсэн гээд сууж байгаа төртэй улс арга ч үгүй биз. Улс төрийн зорилготой гэх дээрх хэрэгт холбогдуулан өчнөөн иргэнээ хилсээр гүтгэчихээд уучлалт гуйхын оронд болох ёстой зүйл болсон мэт төмөр нүүрээ харуулдаг төртэй улсад энэ бүхэн албан тушаал ахих шат л болдог юм байна.
Төр барьж буй гишүүдийг базаандаа байлгаж, харцаараа хөдөлгөн хүссэн шийдвэрээ гаргуулж дөнгөсөн Б.Хурцын томилгоонд цухалдсан зарим гишүүний үзэл бодлоос хуваалцъя. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Ийм томилгоо хийснийхээ төлөө та нар удахгүй ичнээ гээд л гарч ирлээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь барьцаанд байна. Нөгөө нийтийн хэлдгээр “төмсөгдүүлсэн” байна. Ц.Элбэгдорж, Б.Хурц тэргүүтэй мафи, түүнд нэгдэж байгаа М.Энхболд нарт хариуцлага тооцъё” хэмээсэн. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс төрчдийн дунд ”Ард түмэн мартчихдаг юм аа” гэсэн яриа байдаг. Тэгвэл энэ явдлыг ард түмэн хэзээ ч мартахгүй. Монгол Улс анх удаа Элчин сайдыг хаалттайгаар баталлаа. Ингэснээр улс төрийн утсан хүүхэлдэй гэдгээ харууллаа” гэж хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Бүгд ялагдсан. Ганц ялагч нь томилолтоо аваад явчихлаа. Нэг хог шаар нь бүх улс төрчдийг хог шаар болгочихоод явчихлаа” гэсэн нь хамгийн үнэнд ойр тодорхойлолт байлаа.
Тийм ээ, жасын нярав хамаг мөнгөө хамж аваад оргон зайлсан мэт улсын нууц мэдээллийг атгаж суусан ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц улс төрчдийн судсыг атгах мэдээлэл цуглуулж түүгээрээ тэднийг рекетлэсээр Элчин сайд болж чадлаа. Элсэн чихрэнд өнхрүүлсэн танзуур боов шиг нэр төрөө шороонд хутган байж, БНСУ-д Элчин болох ямар шалтаг шалтгаан түүнд байна вэ. Бас манай улс төрчдөд, төрж барьж буй эрх мэдэлтнүүдэд ганцхан хүний өмнө боол шиг бөхөлзөх ямар их нууц, дэлгэж болшгүй “но” байна вэ. Энэ үнэхээр сонирхол татах сэдэв л дээ. Эцэст нь хэлэхэд, тийм ээ, яг үнэн. Нэг хог шаар нь бүх улс төрчдийг хог шаар болгочихоод явчихлаа.
Н.Төгөлдөр
Сэтгэгдэл (101)