Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын айжиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хааж үг хэлснээр Монгол төрийн наадам ёслол төгөлдөр өндөрлөлөө.
Ерөнхийлөгч “Наадамчин олон монголчууд аа. Монгол уламжлалт ёс заншил, урлаг соёл дэлгэрч, хүүхдийн гийнгоо хадан, мэргэн харваачид уухайлж, хүчит бөхчүүд хавж дэвсэн сайхан өдрүүд, наадмын түрүү магнайг бүх төрлөөр тодруулснаар өндөрлөлөө. Монгол наадмын жил тойрон, тэсэн ядан хүлээж, хөлс хүч, ухаан самбаагаа шавхан бэлдсэн наадамчиддаа баярлалаа. Та нарын нөр их хөдөлмөр, уламжлал, соёлоо дээдэлсэн ариун сэтгэл, спортод шимтэх дур сонирхол дээр монгол наадам оршиж, дэгжин дэдгэрч байдаг юм аа. Наадмыг үзэж сонирхсон, дамжуулж мэдээлсэн, үзэж уухайлсан бүх хүнд амжилтыг ерөөе. Энэ цаг үед эх орондоо байхгүй ч алсаас интернэт, телевизээр үзэж суугаа, наашаа чих тавин хамт наадаж, дэмждэг бөхөө даган өндөлзөж, хурдан хөлгүүдээ харан огшиж суусан гадаад муй монголчууд, тархан суурьшсан монгол үндэстнүүддээ бас баярлалаа гэж хэлье. Монгол наадам бол бүх монгол үндэстнийг соронз мэт татан, анхаарлыг нь энэ хэдэн өдөр Монгол Улстай, нийслэл Улаанбаатартай уяж чаддаг цөөхөн зүйлсийн нэг юм аа. Энэ бол бидний нэгдэн нягтрах, сүслэн дээдлэх цөөн зүйлсийн нэг. Монгол соёр уламжлалыг хүндэтгэн, цаг заваа гарган ирсэн гадаадын зочид төлөөлөгчиддөө баярлалаа. Монгол наадам өндөрлөж байна. Ирэх жил баяртайгаар уулзацгаая. Ивээлт нар мэт сайн үйлс дэлгэрсээр хамаг ертөнц гийх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай. Баярлаал та бүхэндээ” хэмээн баяр наадмыг хааж байгаагаа зарласнаар төрийн наадам өндөрлөлөө.
Сэтгэгдэл (1)