
Хөлбөмбөгийн ертөнцөд Лионель Мессигийн нэрийг сонсоогүй хүн ховор. Түүний зүүн хөл, гайхамшигт гоолууд, талбай дээрх уран хөдөлгөөн, Аргентины төлөө өргөсөн Дэлхийн цом, “Барселона”-д бүтээсэн түүх бүгд домог болон үлджээ. Гэхдээ тэр домгийн эхэнд нэгэн жирийн эрийн түүх бий. Тэр бол Лионель Мессигийн аав Хорхе Орасио Месси. Хорхе Месси 1958 оны нэгдүгээр сард Аргентины Санта-Фе мужийн Росарио хотод төржээ. 68 насандаа, 2026 оны наймдугаар сарын 8-нд төрөлх Росарио хотдоо удаан хугацаанд өвчтэй байсаныхаа эцэст таалал төгсөв.
Түүний амьдрал анхнаасаа хөлбөмбөгийн одын аав байгаагүй юм. Хорхе өөрөө залуудаа хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байв. Тэрээр “Newell's Old Boys”-ын өсвөрийн багт хагас хамгаалагчаар тоглож байсан ч гэр бүлээ тэжээх шаардлага, цэргийн алба, ажил амьдралын хариуцлага түүний мөрөөдлийг өөр зам руу хөтөлжээ. Дараа нь тэр гангийн үйлдвэрт ажиллаж, удирдах албан тушаалд хүртлээ хөдөлмөрлөсөн гэдэг. Хорхе эхнэр Селиа Куччиттинигийн хамт дөрвөн хүүхэд өсгөсөн нь Родриго, Матиас, Лионель, Мария Сол. Тэдний гэр бүл Росариогийн эгэл жирийн л айл байв.
Гэвч тэр айлын хамгийн бага хүү бөмбөг өшиглөж эхэлсэн тэр өдрөөс бүх зүйл өөрчлөгджээ. Лионель 1987 оны зургаадугаар сарын 24-нд Росарио хотод төрсөн. Хүүхэд байхдаа бөмбөгнөөс салдаггүй байв. Дөнгөж дөрвөн настайдаа орон нутгийн Grandoli клубт хөлбөмбөг тоглож эхлэхэд нь анхны дасгалжуулагчдынх нь нэг нь өөрийнх нь аав байлаа. Хорхе хүүгийнхээ авьяасыг бусдаас түрүүлж олж харсан хүн юм.

Тэр хүүгээ зүгээр нэг “сайн тоглодог хүүхэд” гэж хараагүй. Хорхе дөрвөн настай Лионелийг бөмбөгтэй харьцахыг хараад түүнд бусдаас өөр зүйл байгааг мэдэрчээ. Хожим ярьсан нэгэн дурсамждаа тэр хүүгээ бөмбөгийг хөл дээрээ тогтоон, гайхалтай эв дүйтэй харьцдаг байсныг дурсан ярьсан байдаг. Долоон настайдаа Лионель Росариогийн хамгийн алдартай клубүүдийн нэг болох “Newell's Old Boys”-ын хүүхдийн багт элсэв. Тэнд түүний авьяас улам тодорч, хэдхэн жилийн дотор үеийнхнээсээ тасарч эхэлсэн байна. Түүнийг өсвөрийн түвшинд байхдаа бараг 500 гоол оруулсан гэх мэдээлэл бий.
Гэвч Мессигийн гэр бүлийн өмнө нэг өдөр маш хүнд сорилт ирсэн юм. Лионель өсөлтийн дааврын дутагдалтай болох нь тогтоогдов. Хөлбөмбөгийн авьяас нь ямар ч хэмжээнд байсан түүний биеийн өсөлтөд шаардлагатай эмчилгээ асар их зардалтай байлаа. Хорхегийн ажилтай холбоотой эрүүл мэндийн даатгал эхэндээ эмчилгээний тодорхой хэсгийг дааж байсан ч Аргентины эдийн засгийн хямралын үед энэ боломж хязгаарлагдав. “Newell's Old Boys” ч эмчилгээний бүх зардлыг хариуцах боломжгүй болсон юм.
Тэр үед Хорхе бууж өгсөнгүй. Хүүгийнхээ ирээдүйн төлөө далайг гатлах шийдвэр гаргав. 2000 онд 13 настай Лионелийг дагуулан Испани руу явжээ. Гэр бүлийн бусад гишүүд Росариод үлдэж, аав хүү хоёр Барселонад ирсэн нь Мессигийн амьдралын хамгийн хүнд бөгөөд хамгийн чухал үеийн нэг байлаа. Хорхе хүүгээ FC Barcelona-гийн хаалгаар оруулахын тулд боломж бүрийг эрэлхийлсэн. Барселонагийн зүгээс Лионелийн авьяасыг үнэлсэн ч түүнийг элсүүлэх шийдвэр амархан байгаагүй.

Тэгээд хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн нэгэн домогт мөч бий болсон. Клубын спортын захирал Карлес Рексач Лионелийн тоглолтыг үзээд түүнийг авахыг хүссэн ч асуудал олон байв. Эцэст нь Мессигийн гэр бүлийг Барселонад үлдээх шийдвэрийг баталгаажуулсан тохиролцоог амны салфетка дээр бичсэн гэх алдарт түүх бий.
Тэр жижигхэн цаас нэгэн хүүгийн хувь заяаг төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхийг өөрчилсөн юм. Барселона Лионелийн эмчилгээний зардлыг хариуцахаар болж, хүү “La Masia”-д суралцаж эхлэв. Хорхе тэр цагаас хойш зөвхөн аав нь байгаад зогссонгүй. Тэр хүүгийнхээ төлөөлөгч, зөвлөх, менежер болж, карьерынх нь хамгийн чухал шийдвэрүүдэд хамт байлаа. Барселонагаас Парис Сен-Жермен рүү, улмаар Интер Майами руу шилжих хүртэл Лионелийн гэрээ хэлцлүүдэд Хорхе гол үүрэг гүйцэтгэж ирсэн.
Гэвч дэлхийн хэмжээний одын аав болсныхоо дараа ч Хорхе олны өмнө өөрийгөө гаргахыг хичээдэггүй байв. Түүний хувьд хүү нь дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин биш бөмбөг хөөж гүйдэг жаахан хүү хэвээрээ байсан болов уу.

Тэр хүүгээ анхны бэлтгэлд нь хүргэж, хүүгээ өвдсөн үед нь эмчлүүлэхийн төлөө тэмцсэн. Хүү нь 13 настайдаа эх орноосоо хол явахад нь хамт явж, хүү нь дэлхийн хамгийн том тайзан дээр гарахад ард нь байж, тэгээд нэг өдөр тэр хүү дэлхийн аваргын цомыг гартаа өргөсөн. 2022 онд Аргентины шигшээ баг Дэлхийн цомд түрүүлж, Лионель Месси карьерынхаа хамгийн том мөрөөдлөө биелүүлсэн. Тэр мөчид дэлхий нийт Мессигийн баярыг харсан. Харин тэр амжилтын цаана олон арван жилийн турш хүүгээ дэмжиж, итгэж, тэмцэж ирсэн нэгэн аавын амьдрал байлаа.

Мессигийн гэр бүлийн угсаа ч сонирхолтой. Түүний эцгийн тал Итали, Испанийн угсаатай бөгөөд өвөг дээдсийнх нь нэг хэсэг Италийн Марке мужийн орчмоос Аргентинд цагаачлан иржээ. “Messi” овог ч Италийн Марке мужийн Порто-Реканати орчимтой холбогддог. Эхийн талд нь мөн голчлон итали гарал бий.
Гэхдээ Мессигийн хувьд жинхэнэ эх нутаг нь үргэлж Росарио байсаар ирсэн. Хорхе өөрөө дэлхийн аварга болж үзээгүй. Алтан бөмбөг гартаа бариагүй. Стадионд хэдэн арван мянган хүн түүний нэрийг хашхирч байгаагүй. Гэхдээ тэр дэлхийн аваргыг өргөсөн хүүдээ итгэж, үргэлж арыг нь дааж чадсан. Дэлхийн сая сая хүүхэд Мессигийн тоглолтыг үзэж түүн шиг болохыг мөрөөддөг.
Өнөөдөр дэлхий “Месси” хэмээх домгийн өмнө малгайгаа авч хүндэтгэж байна. Харин Месси тэнгэр өөд хараад, бөмбөг өшиглөж эхэлсэн тэр жаахан хүүгийнхээ анхны дасгалжуулагч, хамгийн үнэнч хамгаалагч байсан аавыгаа бодож байгаа биз ээ.
Л.Баяр


















































