
Орос, Украины дайн сүүлийн өдрүүдэд улам ширүүсэж, хоёр тал харилцан нисгэгчгүй онгоц болон пуужингийн цохилт хийх болсон байна. Наймдугаар сарын 9-нд болсон ээлжит халдлагуудаар хоёр улсын нутаг дэвсгэрт энгийн иргэд амиа алдаж, олон хүн шархаджээ. Украины мэдээлснээр, Оросын пуужингийн цохилтын улмаас Харьков хотын орон сууцны барилга өртөж, гурван хүн амиа алдан, 37 хүн шархадсан байна. Мөн Одесса хот болон боомтын дэд бүтэц халдлагад өртөж, олон хүн гэмтэж бэртжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын Одесса боомтыг онилсон нь Украины үр тарианы экспортод төдийгүй дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Украин ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цэргийн болон эрчим хүчний объектуудыг нисгэгчгүй онгоцоор довтолжээ. Оросын Белгород мужид болсон Украины дроны халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан гэж Оросын тал мэдээлсэн байна. Москва Украины талаас нийт 153 нисгэгчгүй онгоц хөөргөсөн бөгөөд тэдгээрийн ихэнхийг устгасан гэж мэдэгджээ.
Украин сүүлийн үед Оросын нефтийн үйлдвэр, шатахууны агуулах, цэргийн радар болон бусад стратегийн объектуудыг онилох нисгэгчгүй онгоцны довтолгоогоо нэмэгдүүлж байгаа юм. Үүний зорилго нь Оросын цэргийн хангамж болон дайн явуулах эдийн засгийн чадавхыг сулруулахад чиглэж байна. Харин Оросын тал Украины цэргийн дэд бүтэц, түлшний агуулах болон дроны үйлдвэрлэлтэй холбоотой объектуудыг онилж буйгаа мэдэгдсэн байна. Ийнхүү хоёр талын цохилт зөвхөн фронтын шугамаар хязгаарлагдахгүй, дайсныхаа нутаг дэвсгэрийн гүн дэх стратегийн байгууламжуудыг хамрах болжээ.

Гол асуудлын нэг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдол юм. Тус улс Оросын баллистик пуужин болон олноор хөөргөсөн дроны довтолгоог таслан зогсоохын тулд АНУ-д үйлдвэрлэсэн Patriot системд ихээхэн түшиглэдэг. Гэвч эдгээр системийн нөөц багасаж байгаа нь Украины хотуудыг хамгаалах чадварт дарамт болж байна.
Энэ нөхцөл байдал нь Орос, Украины дайныг дахин томоохон агаарын цохилтын мөчлөг рүү оруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ дайны нөлөө хоёр улсын хилээс давж, Молдав болон Болгарын агаарын орон зайд дронтой холбоотой осол гарсан нь бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлжээ.
Наймдугаар сарын 9-ний халдлагуудын дараа Зеленский Украинд илүү олон агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхийг холбоотнуудаас дахин хүсэж, Оросын довтолгоог зогсоохын тулд цэргийн болон дипломат дарамтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Дайн эхэлснээс хойш дөрөв гаруй жил өнгөрсөн ч талуудын харилцан цохилт ийнхүү улам бүр холын тусгалтай, өргөн хүрээтэй болж байна.
Л.Баяр


















































