
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы эзэмшлийнх хэмээн үздэг маргаантай Курилийн арлуудын нэг болох Итуруп аралд анх удаа биечлэн очсон нь Токио-Москвагийн хооронд дипломат маргаан үүсгэлээ. Путин наймдугаар сарын 13-нд Итуруп аралд хүрэлцэн очиж, загас боловсруулах үйлдвэр, эмнэлэг, сургууль зэрэг байгууламжтай танилцсан байна. Мөн Сахалины мужийн захирагч Валерий Лимаренко болон нутгийн иргэдтэй уулзжээ. Оросын төрийн тэргүүн загасны түрс амталж, арлын цаг агаарын талаар эерэг сэтгэгдэл хэлсэн байна.
Харин Япон улс уг айлчлалыг эрс эсэргүүцэв. Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги Путин Итурупт очсоныг Японы бүрэн эрхийн байр суурьтай зөрчилдөж байна гэж үзэж, Москвагийн эсрэг албан ёсны эсэргүүцэл илэрхийлжээ. Токио Итурупыг Эторофу, харин маргаантай дөрвөн арлыг нийтэд нь “Хойд нутаг дэвсгэр” хэмээн нэрлэдэг.
Курилийн арлуудын маргаан Дэлхийн II дайнаас хойш үргэлжилж байгаа. Япон, Орос хоёр уг асуудлаас шалтгаалан өнөөг хүртэл албан ёсны энхийн гэрээ байгуулаагүй байна. Орос улс арлуудыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол Япон Итуруп, Кунашири, Шикотан болон Хабомайн арлуудыг өөрийн нутаг дэвсгэр гэсэн байр сууринд хатуу зогсдог гэж хэлж болно.
Путины энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа аль хэдийн хурцадсан үед болж буйгаараа онцлог. Түүний айлчлалын өмнө Орос Алс Дорнодод цэргийн сургуулилт хийсэн бөгөөд Хойд Солонгос мөн баллистик пуужин харвасан байна. Иймээс айлчлалыг Москва Курилийн арлууд дахь хяналт, стратегийн байр сууриа дахин баталгаажуулж буй алхам гэж ажиглагчид үзэж байна.
Япон өмнө нь ч Оросын өндөр албан тушаалтнуудын маргаантай арлуудад хийсэн айлчлалыг эсэргүүцэж байсан. Тухайлбал, 2021 онд тухайн үеийн Ерөнхий сайд Михаил Мишустин Итурупт очиход Токио мөн хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байсан түүх бий.
Л.Баяр

























































