Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн гурван өдөр усархаг бороо Дархан, Сэлэнгийн нутгаар орох мэдээллийг Дархан-Уул аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төвөөс мэдээлжээ. Мэдээллийн дагуу Дархан аймгийн Засаг дарга үерийн далангуудыг шалгах, үерээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг харьяа Онцгой комисст үүрэг болгосон байна.
Дархан хотын төвд болон эргэн тойронд нийт 59 км далангийн суваг шуудуутай аж. Эдгээр суваг шуудууг хавар цэвэрлэсэн учраас зуны бороог ажралгүй давжээ. Харин өчигдөрийн байдлаар үерийн далангийн таван том уулзвар борооны усанд урсаж ирсэн шороо, өвс, чулуу, хог зэргээр бөглөрсөн байна. Тиймээс дээрх үерийн далангуудыг цэвэрлэх техник, тоног төхөөрөмжтэй “Дархан Ус суваг” ХК, “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК зэрэг томоохон байгууллагуудын дэмжлэгтэйгээр цэвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус аймгийн Онцгой комиссын гишүүд үерийн далангуудыг шалгах явцдаа Тээвэрчдийн гудамжны шинэ авто замын дагуу үерийн далан шинээр барих шаардлагатай гэж үзжээ. Тус асуудлыг аймгийн ИТХ-д танилцуулж шийдвэрлэхээр боллоо.
Бороо хур орвол голын усны түвшин дахин нэмэгдэх аюултай байна. Тиймээс голын айл саваар нутаглаж буй малчид, тариаланчид , айл өрхүүд өндөрлөг газарт нүүн суурьших шаардлагатай байгаа талаар Дархан аймгийн Онцгой Байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Р.Хишигжаргал