Гэнэтийн үерийн улмаас Дорноговь аймгийн Айраг суманд болсон галт тэрэгний ослын хохирлыг сэргээн босгох ажил явагдаад байгаа билээ. Энэ асуудлаар Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл хийлээ.
Уг сэргээн босгох ажлын дагуу нийтдээ 6800 куб метр газар шорооны ажил хийгдсэн байна. Үүнээс 3300 метр куб шороог эвдэрсэн замын ул шорооны ажилд, 3500 метр куб шороог түр автомашины зам тавихад, 240 метр куб чулууг төмөр замын далан бэхлэхэд тус тус ашиглажээ. Нийтдээ осол гарсан 200 метр замыг засаж дуусаад байгаа юм байна.
Мөн сэргээн босголтод ОХУ-ын Дорнод Сибирийн Улаан-Үүд хот дахь сэргээн босголтын баг бие бүрэлдэхүүн, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Төмөр замын засварын ажил ерөнхийдөө дуусаж тээвэрлэх хэвийн ажиллагаандаа ороод байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)