Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт дүүргийн 1-20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэд болон Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн холбогдох мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож дээрх журмын төсөлд тусгах саналаа хэлсэн байна.
Уг журам нь нийтийн эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хамтран ажиллах гэрээ байгуулах, бүртгэлжүүлэх, мөн хяналт тавих замаар худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан хамтран ажиллах зорилготой аж.
Р.Хишигжаргал