Билгийн тооллын шинийн гурван буюу өнөөдөр /2019.02.07/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Номын сангийн захирал, доктор Г.Цэрэн, Номын сангийн каталогич Ч.Мөнхзул нар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МУИС-ийн ректор, Жамбын Батмөнх агсны гэргий А.Дариймаад хүндэтгэл үзүүлэн золголоо. А.Дариймаа МУИС-ийн Номын санд 1966-1987 онд номзүйч, номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан МУИС-ийн ахмад номын санч билээ. Тэрбээр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “МУИС-ийн удирдлагууд их сургуулийнхаа ахмад багш, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж байгаа юм. Бид танд мөнгөн тэтгэмж, сургуулийнхаа зарим бүтээгдэхүүний дээжээс өргөн барьж байна. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гээд А.Дариймаа гуайн их сургуульд ажиллаж байсан үеийг дурсан хөөрөлдлөө.
А.Дариймаа “Их сургуулийнхаа хамт олонд баярлаж байна. Өчигдөрхөн Номын сангийнхаа тухай бодож байлаа. Сайхан том Номын сантай болсон. Хүүхдүүд та бүхэнд ажлын амжилт хүсэж эрүүл энхийг ерөөе” гээд Ж.Батмөнх агсны тухай, их сургуулийн Номын санд ажиллаж байсан үеийнхээ тухай хууч дэлгэв.
Ж.Батмөнх агсан 1967-1972 онуудад МУИС-ийн проректор, ректор, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдож 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. 1997 онд тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, түүний гавьяаг нь мөнхжүүлэхээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгон, гэрэлт хөшөөг нь босгосон түүхтэй.
Сэтгэгдэл (2)