БНСУ-ийн болон манай улсын эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг нийт долоон үйлчлүүлэгчид амжилттай хийжээ.
Тодруулбал, Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж буй ажлын хүрээнд өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг хийж эхэлжээ.
Дээрх эмчилгээ нь умайн дотор талын салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэн салст давхаргыг некроз (үхжил) болгон цус алдалтыг зогсоодог байна. Ингэснээр умайн эмгэг цус алдалт, умайн салстын эмгэг зузааралтай, умай авахуулах хүсэлгүй, гэр бүл төлөвлөлтийн хувьд цаашид хүүхэд төрүүлэхээр төлөвлөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой аж.
Харин биеийн байдал хүнд, судасны бөглөрөлтэй, эрхтэн тогтолцооны хурц үрэвсэлтэй, кесар мэс заслаас хойш дөрвөн жилийн дотор, умайн хөндий рүү түрж ургасан салстын доорх хоргүй хавдрын зангилаатай ч цаашид хүүхэд төрүүлэх хүсэлтэй зэрэг тохиолдолд уг эмчилгээг хийж болдоггүй юм байна.
Мөн эмч нарыг чадавхжуулах зорилгоор БНСУ-ын “RF Medical” төвтэй хамтарсан сургалтад өнгөрсөн онд хоёр эмч, энэ онд таван эмчийг сургажээ.
Б.Лхам