Хаврын урь орж буйтай холбогдуулан гал түймрийн осол гарах нь олширч байгаа тул онцгой байдлын албанаас ард иргэдийн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 16-нд зургаан удаагийн гал түймэр гарсан байна. Тодруулбал, Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн иргэн Э-ийн гэр шатсны улмаас хоёр настай эрэгтэй хүүхэд, долоон настай эмэгтэй хүүхэд нас баржээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын зургадугаар багийн харъяат иргэн Б-ын байшин, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, “Ахмадын сувилал”-ын урд талд ”Платз”загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн хоёрдугаар гудамжинд “Гранд марк-2” суудлын автомашин шатсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 20 дугаар гудамжинд Иргэн Г-ын гэр, нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн хоёрдугаар гудамжинд иргэн Б-ийн байшин тус тус шатсан байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын албаныхан цаг алдалгүй шуурхай ажиллаж, гал түймрийг унтраасан байна.
Г.Нацаг