Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австри Улсын нийслэл Вена хотноо зохиогдож буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд оролцож байна.
Хуралдаанаар ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 300 орчим парламентчид чуулж байгаа бөгөөд бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын сорилт бэрхшээл, эдийн засаг, хүрээлэн буй орчин хийгээд хүний аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байгаа аж. Мөн бүс нутагт тулгарч буй зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд ЕАБХАБ-ын үүрэг ролийг оновчтой ашиглах, авлига, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм байна.
Мөн хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн, парламентын гишүүн Паоло Гримолди, Шведийн Гадаад хэргийн яамны Тусгай элч Кент Хэрштэдт нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.