Сүүлийн хоёр жилийн хугацаанд мартагдаад байсан улаанбурхан өвчин хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллахаар ирсэн гадаад иргэнээс илэрсэн. Дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229 мянга 068 тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг орнуудад улаанбурханы дэгдэлт гарч, манай улсад 2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар дахин нэг тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгджээ.
Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, сургалт сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг сэргээх сургалт зохион байгуулахад салбарын яам анхаарч ажиллахыг анхаарууллаа.