Энэ сарын 10-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн цагдаа нар эргүүл хийж явтал нэг орчим настай, хэлд ороогүй эрэгтэй хүүхэд гудамжинд ганцаараа явж байжээ. Хүү хэлд ороогүй учир гэрээ зааж өгөх чадваргүй, дээр нь нэлээд даарч, бээрсэн байдалтай байсан учир цагдаагийн байранд хүргэж, хооллож, ундалсан байна.
Ингээд эцэг, эхийг нь тогтоох ажиллагаа явуулж, улмаар дуудлага мэдээлэл хүлээж тус өдрийн 23.00 цаг хүртэл хүлээсэн боловч ар гэрээс нь холбогдоогүй байна. Тиймээс Хүүхдийн тусламжийн 108 төвд хүүг хүлээлгэж өгчээ.
Гэтэл маргааш өдөр нь буюу энэ сарын 11-ны өдрийн 21.00 цагийн орчимд “Нэг настай хүүхэд алга болсон” гэдэг дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалт хийхэд хүүгийн эцэг, эх болох нь батлагджээ. Хүүгийн эцэг, эх нь тусдаа амьдардаг бөгөөд хүүг эцэг нь өсгөдөг юм байна. Хүүг алга болдог өдөр нь эцэг нь төрсөн ээж нь ирээд авч явсан гэж бодсон гэж цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Хүүүгийн төрсөн эцэг, эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс юм байна.
Хүүхдийн тусламжийн төв болон цагдаагийн байгууллагаас тус хэрэг дээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд хэргийг нягталж үзээд хүүд дахин эрсдэл учрах эсэх үнэлгээг хийсний үндсэн дээр эцэгт нь эргүүлж өгөх юм байна. Хүүхдийн эрхийг зөрчиж, хараа хяналт тавиагүй эцэг, эхэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна.
Мөн шалгалтын явцад хэргийн өөр нөхцөл байдал үүсвэл хуулиар хариуцлага хүлээлгэж аж.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (4)