Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын "Дөл" цогцолбор тэмцээн боллоо.
Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн ахлах ангийн сурагчдын дөрвөн баг өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорьсон юм.
Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Сумьяа нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнийг гранат шидэх, жагсаалч тасаг, цогцолбор дасгал, буухиа зэргийн найман төрлөөр зохион байгуулсан бөгөөд шилдэг багаар 103 дугаар сургуулийн баг шалгарч, нийслэлийн цэрэг спортын "Дөл" цогцолбор тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа.