Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1198 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 826 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүний амь нас хохирч, 41 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт зургаан хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугатжээ. Уг хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж H.Aero city маркийн автобусны жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн нийт ослын 23 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 39 осол нь мөргөлдөх хэлбэрээ, онхолдох хэлбэрээр гурван осол, үл хөдлөх зүйл мөргөсөн таван осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 191 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллажээ.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 8.9 хувиар, гэмтсэн хүний тоо 57.6 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 2.3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 27.3 хувиар өссөн байна.
Б.Лхам