ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ҮСХ-ны үйл ажиллагаа, мэдээллийн технологийн өнөөгийн байдал болон цаашид хамтран ажиллах саналаа танилцуулав.
ҮСХ-ны дарга А.Ариунзаяа мэдээллийн технологийн хөгжлөөр тэргүүлэгч улс, Монгол Улсын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд, цаашид мэдээллийн технологийг ашиглан цахим сургалт явуулах, мэдээллийн аюулгүй байдал, их өгөгдөл, мэдээллийг түлхүү ашиглах, өгөгдөлд суурилсан хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-аас туршлага судлан, цаашид хамтран ажиллах саналаа илэрхийллээ.
БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны хэлтсийн дарга ноён Ким Ки Бюнг Дэлхий даяар мэдээллийн технологийн хөгжил эрчимтэй явагдаж, тэр дундаа статистикийн салбарт хөгжиж буй нь ажиглагдаж байгаа талаар дурдаад Монгол Улсын онцлогт тохирсон мэдээллийн аюулгүй байдлын систем хөгжүүлэхэд цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн ҮСХ-ны саналыг судалж, ойрын хугацаанд хариу өгнө гэжээ.