Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан нар, хур тэгширсэн сайхан өдөр тохиосон ч найраа будлианаа тун чиг чадварлагаар нууж чадсан наадам боллоо. Хэдийгээр түмэн олон “Найраа багатай сайхан наадлаа” хэмээн сэтгэл өндөр байгаа ч үнэн хүчийг үздэггүй, өгч авдаг энэ бусармаг үйлдэл илүү далд хэлбэрт орсон нь ажиглагдсан юм. Ингээд УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн хүчит бөхийн барилдаанаас хийсэн сурвалжлагаа хүргэе.
ХАРИУЦЛАГА НЭГИЙН ДАВААНААС ҮГҮЙЛЭГДЭВ
Энэ жилийн наадамд дархан аварга нэг, улсын аварга тав, улсын арслан найм, улсын гарьд зургаа, улсын заан ес, улсын харцага 16, улсын начин 48, аймаг, цэргийн арслан 115, аймаг, цэргийн заан 25, аймаг, цэргийн харцага 37, аймаг, цэргийн начин 81, залуу бөх 161, нийт 512 бөх барилдлаа. Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Төв аймаг, Налайх дүүргийн баяр наадам эрт болсон тул аймгийн цолтнууд улсын наадамдаа олноор хүрэлцэн ирэв. Ойрын жилүүдэд гараагүй өндөр чансаатай наадмын нэгийн даваанд улсын начин Ж.Оргил, Д.Цогзолдорж, Б.Сугаржаргал, Ба.Батжаргал нар залуу бөх С.Баасандорж, О.Хангал, М.Баасанцэнд, Ц.Мөнгөншагай нарт өвдөг шороодож, улсын начин Л.Лха-Очир барилдах цагаасаа найман минутаар хоцорсон тул залуу бөх Н.Ариунболд туг тойрлоо. Харин 512 бөхийн хамгийн ахмад нь болох Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Л.Цэвээн /62 настай/ залуу бөх Н.Амаржаргалаар нэг давж, өөрийн хүү шигээ хүмүүсийг ичээснийг онцлохгүй өнгөрч боломгүй.
АЙМГИЙН АРСЛАНГУУД ОЛНООР НУРЛАА
Жил бүрийн наадмын хоёрын даваа чанга болдог. Гэхдээ дээр дурдсанчлан хэд хэдэн аймаг наадмаа түрүүлж хийсэн нь цолны чанарт шууд нөлөөлж, энэ жилийн хоёрын давааны оноолт улам чангаллаа. Улсын арслангуудтай аймгийн начингууд, улсын заануудтай аймгийн харцагууд, 2011 оны улсын начингуудтай аймгийн арслангууд таарч, давааны төгсгөлд аймгийн арслан цолтой 80 бөх хоорондоо нугарч барилдав. Энэ даваанд өвдөг шороодсон хамгийн том цолтой бөх нь Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Монгол Улсын ардын багш, хөдөлмөрийн баатар, улсын аварга О.Балжинням байв. Түүнтэй оноолт таарсан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, 2017 оны залуучуудын Азийн аварга О.Хангал багшийнхаа үгэнд орсонгүй. Улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Ж.Отгонбаяр, Л.Цэрэнтогтох, Л.Цэвээн, Г.Олзгэрэл, Б.Баянжаргал, Л.Гантулга, Ч.Баянмөнх, С.Багахүү, С.Батсуурь, Б.Сангисүрэн, Б.Сумъяа, Б.Бадамсүрэн, Б.Дэлгэрсайхан, Л.Шинэбаатар, Г.Ганжад, Д.Дагва-Очир, Ш.Дарханбат, Б.Эрдэнэхүү нарын 21 цолтон эхний өдөр барилдаанаа дуусгав.
Улсын цолонд зүтгэж буй залуусын хамгийн эхний том шалгалт хоёрын даваа байсаар ирсэн. 1998 оны улсын наадамд цэргийн арслан Ц.Цэрэнчимэд, аймгийн арслан Б.Ганбаттай оноолт таарснаас хойш шуугиан тасраагүй. Д.Ганхуяг, Д.Азжаргал, Д.Рагчаа, Г.Ганхуяг, Д.Цогзолдорж, Г.Олзгэрэл, Д.Батболд, Ш.Тогтохбаяр, Б.Сангисүрэн, Ө.Бат-Орших, Ш.Жаргалсайхан, Ж.Отгонбаяр нар улсын цолны тааварт орсон жилээ хоёрын давааны хатууг мэдэрч байсан удаатай. Энэ жил Н.Баттүвшин, О.Гантулга, Б.Мижидсүрэн, Н.Батсайхан, Ө.Сүхбат, Б.Суманчулуун, Д.Тогтохжаргал, Ш.Пүрэвгарьд, Б.Зоригтбаатар, Ж.Наранбаатар, Т.Дүгэрдорж нарын аймаг, цэргийн шилдэг арслангууд өвдөг шороодож, улсын цол хүртэх мөрөөдлөө нэг жилээр хойшлуулав.
ГУРВЫН ДАВАА 15-20 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ
Хоёр дахь өдрийн барилдаан уламжлал ёсоор гурвын даваагаар эхэллээ. Бөхчүүд хэрхэн ам авч буйг “Монгол” телевиз шууд дамжуулан үзүүлсэн нь үзэгчдэд сонирхолтой байв. Гэхдээ ам авах үйл явцыг шууд дамжуулан үзүүлэхийн тулд телевизийнхэн багагүй бэрхшээлтэй тулгарсан юм. Хөлийн цэц, цагдаа нар зураглаачдыг байн байн хөөж туугаад ажлыг нь олигтой хийлгэсэнгүй. Тиймээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь нарын юу ярьсан нь сайн сонсогдоогүй. Харин улсын аварга С.Мөнхбат өөртэйгөө ойролцоо жижиг биетэй бөхийг, улсын арслан П.Бүрэнтөгс хөл, гарт орж сандаргахааргүй бөхийг гарын даа нараас онцлон асууж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар ам авахаар ирээд “Санжаадамба байна уу” хэмээн хошигнож, улсын арслан Э.Оюунболд “Бат-Эрдэнэ гарьд хоёр давсан юм уу” гэж гайхан асууж, улсын арслан Р.Пүрэвдагва Төв цэнгэлдэх хүрээлэнд ирээд унтчихсан тул дуудагдсан хугацаанаас яльгүй хоцорсон зэрэг нь олон хүнд сонирхолтой байсан юм.
Гэвч улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг улсын цолгүй бөхчүүдээс нэр сонсч байх хооронд хөлийн цэц, улсын начин Б.Одхүү майхан дээр тавьсан микрофоныг олж илрүүлснээр бөхчүүдийн яриа сонсогдохоо болив.
Уг нь Монголын ард түмэн найраагүй наадахыг хүсдэг юмсан. Гэвч энэ мэтчилэн олон зүйлийг хаалттай хэвээр байлгах сонирхол хэсэг бүлэг хүмүүст байсаар байгаа нь харамсалтай. Телевизийнхэн хураалгасан микрофоноо авахаар цагдаа нартай тэмцэлдэхийг шууд дамжуулан үзүүлэх зуур улсын гарьд М.Баяржавхлан, Д.Рагчаа нар ам авав. Харин улсын гарьд И.Доржсамбуу барилдах бөхөө сонгохын тулд хэдхэн секунд зарцуулсан нь тодорхой харагдлаа. Даваа өгөх хүн нь тодорхой байхад цаг алдаад яах билээ. Гурвын даваа эхлэх 09:00 цаг болсон ч эхний дүйзийн цолтнууд ам авч дуусаагүй байсан юм. Жил бүрийн наадмын гурвын даваа иймэрхүү зохион байгуулалтын алдаанаас болж цагтаа эхэлдэггүй, наадамчдыг чилээдэг нь уламжлал мэт болжээ.
Телевизийнхэн хэсэг хугацааны дараа нэг арга олсон бололтой, бөхчүүдийн яриа өмнөх шигээ тод биш ч гэсэн бүдэг бадаг сонстож эхлэв. Улсын гарьд Ш.Жаргалсайхан ам авах үеэрээ гар утсаа нууж байгаад хоёр ч удаа яриад авлаа. Уг нь ингэхийг хориглодог юмсан. Эхэлж ярихдаа “Танай хүн чинь Батжаргал уу” гээд байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа дахин ярихдаа “Жагаа байна аа” гэхээс өөр зүйл хэлээгүй. Олон хүний дэргэд хамаагүй ярьж болохгүй байгаа нь илт. Ам авах таван минутын хугацаа ч дуусч, нэлээн тулгамдсан Ш.Жаргалсайхан амиа бодохоор шийдэж, улсын начин Б.Заяамандахын нэрийг хэлээд босохтой зэрэгцэн гурвын даваа эхлэв.
Энэ даваанд улсын цолтой бөхчүүд төрсөн хүү, дүү, хамаатан садан, нутгийн бөх, шавь, найз нөхдөө амлан авч, гар амар давуулдаг жишиг тогтоод олон жилийн нүүр үзэж байна. Тэр ёсоор улсын арслан Д.Ганхуяг бөхийн олон төрлөөр хамт хичээллэсэн аймгийн арслан А.Даваанямыг, улсын арслан Х.Мөнхбаатар өөрийн найз улсын начин Б.Одхүүгийн хүү аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, улсын гарьд Д.Рагчаа өөрийг нь олон жил ивээн тэтгэж буй “Макс” группийн ерөнхийлөгчийн нутгийн бөх аймгийн арслан Т.Сайханжаргалыг, улсын заан Т.Санчир нутгийн бөх аймгийн арслан А.Цэдэнсодномыг, улсын заан Б.Соронзонболд мөн л нутгийн бөх аймгийн арслан Б.Отгонбаатарыг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй өөрийн шавь бөгөөд нутгийн бөх аймгийн арслан Б.Орхонбаярыг, дээш барилдах сонирхолгүй болсон улсын харцага Т.Баасанхүү хамаатны бөх аймгийн арслан Ж.Ням-Эрдэнийг, улсын харцага А.Бямбажав өөрийн найз аймгийн арслан А.Отгонбаатарыг гар амар давуулав. Харин улсын арслан Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд М.Баяржавхлан, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж нар хамааралгүй бөхчүүдэд өнхөрч, сурсан зангаараа “биеэ үнэллээ”.
Энэ жилийн наадмын гурвын даваа 15-20 сая төгрөгийн ханштай байсан албан бус мэдээ байна.
ДАНШИГИЙН ДАРХАН АВАРГА ДӨРӨВ ДАВАХАА БАЙЛАА
Дархан аварга Г.Өсөхбаяр дөрвийн даваанд цэргийн заан О.Батжаргалд өвдөг шороодсоноор нэг найраа тасалдлаа. Архангайнхан барилдааны өмнө аваргын учраа бөхөөс нэлээн гуйсан ч тусыг олсонгүй. Энэ наадмын хамгийн өндөр цолтой бөх дөрөв давж чадаагүй нь улсын аварга О.Балжинням хоёрын даваанд өвдөг шороодсоноос үүдэлтэй. Учир нь дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргын аманд очих залууг гурав давуулах үүргийг гүйцэтгэх хүн олдоогүй юм.
Ар Монголын алдарт найраачдын ихэнх нь ажлаа дуусгасан байсан болохоор дөрвийн даваа харьцангуй шударга болов. Гэхдээ үнэн хүчийг үзээгүй барилдаан мэр сэр байлаа. Жишээлбэл, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат аймгийн арслан Б.Цэдэнсодномд минут хүрэхгүй хугацаанд эсэргүүцэл багатай өвдөг шороодсон нь хэт үнэмшилгүй харагдав. Басхүү Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан Н.Түвшинбаяр Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Амгаланд амархан уналаа.
Олимпийн аваргыг давсан бөх Монгол Улсын нэгдүгээр хүнтэй ойрхон бололтой.
Улсын гарьд Ш.Жаргалсайхан тавын даваанд нутгийн бөх, цэргийн заан О.Батжаргалыг начин болгох тохироо байсан юм билээ. Гэвч гарьд өөрөө дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан П.Мөнхбатад унаснаар хамаг төлөвлөгөө нь талаар болов. Ш.Жаргалсайхан уурандаа тахимаа өгөхдөө учраа бөхийнхөө толгой руу нь цохьсон нь сошиал ертөнцийн ярианы сэдэв болж, Завханы гарьдад хариуцлага хүлээлгэхийг шаардсан санал, сэтгэгдэл хөвөрч байна.
Хамгийн олон дэмжигчтэй бөхийн нэг болох улсын арслан Р.Пүрэвдагва Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдоржид өвдөг шороодож, наадмын тааврыг ихэд будилуулав. Хэдийгээр Р.Пүрэвдагва даншиг хэмээх наадамд дөрвөн жил дараалан түрүүлж, дархан аварга цол хүртсэн ч улсын баяр наадмын амжилт нь базаахгүй хэвээр. Тэрбээр 2016 онд 1024 бөх барилдахад хэлтэй, амтай үзүүрлэж, улсын арслан цол хүртсэн ч түүнээс хойш цолныхоо хэмжээнд барилдах нь байтугай шөвгөрч ч чадахгүй байна. Ялангуяа сүүлийн хоёр жил дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарын шавь нарыг дийлсэнгүй.
Энэ жил дээшээ үзэх таамагт явсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Д.Бадамгаравтай тун хариуцлагагүй барилдаж унасан бол Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр улсын цолны босго алхах учиртай Б.Орхонбаярыг барсангүй. Хөлийн цэцүүд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн хоёр шилдэг шавийн барилдааныг видео бичлэг үзэж шийдлээ.
Улсын арслан П.Бүрэнтөгс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн арслан Д.Аззаяатай 66 минут барилдан байж давж, хамгийн сүүлд туг тойрлоо. Энэ үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гадаргүй “Бүрэнтөгс дээшээ явж барилдах боломжгүй юм байна. Нутгаасаа шинэ цолтон төрүүлэх нь” гэлцэж байв.
ҮНЭН ХҮЧЭЭРЭЭ НАЧИН БОЛСОН НЬ Б.ОРХОНБАЯР
Тавын даваанд барилдсан аймаг, цэргийн цолтой 12 бөхийн тав нь улсын цолны босго алхлаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Н.Баярбаатар нутгийн бөх, өөрийн багш улсын аварга Г.Эрхэмбаяраар, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Ж.Ням-Эрдэнэ бараг нэг нутгийнх гэж хэлж болох улсын заан Н.Жаргалбаяраар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат аймгийн арслан Б.Цэдэнсодном нутгийн бөх улсын харцага Х.Гантулгаар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарчаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат аймгийн хурц арслан Б.Орхонбаяр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж Монгол Улсын начин цол хүртэв. Ж.Ням-Эрдэнээс бусад нь улсын цол хүртэх тааварт байсан бөх.
Гэхдээ тунаж барилдсан Б.Орхонбаяраас бусдыг нь энэ давааг үнэн хүчээрээ давсан гэхэд хэцүү.
Улсын начин Д.Анарыг гарын даа нар дээр нэр сонсохоор ирэхэд улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Орхонбаяр, Ц.Сандагдорж гурав үлдсэн байв. Гурван бөхөөс ам авах хамгийн хэцүү. Д.Анар амаргүй үед ухаалаг зан гаргаж, “Энэ хоёр арслангийн нэг нь начин болог” гэж хэлээд бэлтгэл сайтай байсан Д.Амарсайханыг амалсан юм. Тунасан хоёрын барилдаанд Б.Орхонбаяр бүх талаар илүүрхсэнээр жилийн дотор гурав дахь том амжилт үзүүллээ. Жилийн өмнө сумын заан цолтой байсан тэрбээр 2018 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол, энэ жил дахин түрүүлж хурц чимэг нэмээд байв.
Улсын арслан П.Бүрэнтөгс дээш зүтгэхээр шийдлээ. Нээрээ ч түүнд авсан удаа байснаас биш өгсөн түүх үгүй. Тиймээс Ж.Ням-Эрдэнийг начин болгох үүрэг бэртлийн улмаас 2018-2019 оны улиралд бараг барилдаагүй улсын заан Н.Жаргалбаярт ирэв. Энэ жилийн наадмыг өнжиж магадгүй байсан түүнд аавынхаа нутгийн бөхийг улсын цолд хүргэхээс өөр сонголт үлдсэнгүй.
Төрийн наадмын түрүү, үзүүрт яригдаж байсан бөхчүүдээс улсын харцага О.Хангай энэ хүрээд наадмаа дуусгалаа. Тэрбээр Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин, Японд жүдогоор суралцсан Д.Цэрэнтогтохыг хонгодож дайрч яваад хөмрүүлж унав. Тохой нь гарцаагүй түрүүлж хүрсэн нь удаашруулсан бичлэгээс тодорхой харагдана. Хэрвээ энэ жил техник, технологийн дэвшлийг шүүлтэд албан ёсоор ашиглаагүй бол улсын наадмын хувь заяа хаашаа ч эргэж мэдэх байв. Цоорхой ихтэй Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэмд шүүлтэд видео бичлэг ашиглах, эс ашиглах тухай зааж өгөөгүйгээс болж урьд жилүүдэд мөн ч олон бөх хохирсон доо.
МӨНГӨӨР БИШ МӨНЧГӨРӨӨРӨӨ ЦОЛ АХИЖ БОЛДОГ
Зургаагийн даваанд ам авсан долоон бөх бүгд учраагаа өвдөг шороодуулснаар элдэв шуугиан дэгдсэнгүй. Улсын аварга С.Мөнхбат Увсаас төрсөн шинэ начинг дараагийн даваанд амалж, гар амар даваа ахиулдаг байлаа. Харин энэхүү эрхийг энэ жил эрэмбийн дагуу Н.Батсуурь аварга эдлэв. Дархан аварга Г.Өсөхбаярыг давж начин цол хүртсэн бөх зургаагийн даваанд Ч.Санжаадамбад унаж өгдөг нь бичигдээгүй хууль гэлтэй.
Хэдийгээр өндөр аварга дөрвийн даваанд унасан ч гэсэн Архангайн өөр нэг бөх улсын харцага М.Бадарчийг давж цол хүртсэн А.Давааням энэ үүргийг гүйцэтгэв.
Энэ давааны хамгийн гол барилдаан тунасан хоёрын хооронд болж, өнгөрсөн улирлын гол нээлт Д.Анар Ховдынхны сүүлийн найдвар Б.Бат-Өлзийг хаялцах барьцнаас мордож давснаар улсын харцага цолын болзол хангалаа. Наран ургах зүг Дорнод нутгийн энэ залуу мөнгөөр биш мөнчгөрөөрөө цолоо ахиулж болдгийн тод жишээ болж байна. Татах, дэмжих багш, нутгийн том цолтонгүй Д.Анар гурван жилийн өмнө мөн л үнэн хүчээрээ, тунаж барилдаад улсын начин цол хүртэж байв.
Ч.САНЖААДАМБА ДЭЭШ БАРИЛДАХЫГ ХҮССЭНГҮЙ ГЭЖ ҮҮ
Долоогийн даваа эхлэхийн өмнө учир мэдэх хүмүүс Ч.Санжаадамбыг Б.Гончигдамбад “өгч магадгүй” хэмээн ярилцаж байв. Улсын баяр наадмаар түрүүлж, айрагдсан морь, уясан эзэн, унасан хүүхдүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж, төр, засгийн тэргүүнээс бай шагналаа гардаж авдаг тул бөхийн барилдаан цаг гаруйн хугацаанд завсарладаг билээ. Энэ үеэр бөхчүүд ихэд төвлөрч, шийдвэрлэх барилдаандаа бэлтгэж, багш дасгалжуулагч, ойр дотнын цөөн хэдэн хүнтэй зөвлөлдөхөөс бус олны анхаарлыг татах үйлдэл гаргах байтугай зураг хөргөө авахуулахыг цээрлэх нь түгээмэл. Харин Ч.Санжаадамба аварга долоогийн давааны ам авсныхаа дараа тогтсон жаягийг зөрчиж, уяачид дээр очиж, буу халж, маасайтал инээж, зураг хөргөө авахуулж байсан нь түүний наадам энэ хүрээд өндөрлөж байгаа юм биш биз гэх хардлагыг олон хүнд төрүүлсэн юм. Түүнийг долоогийн даваанд Б.Гончигдамбатай тун ч бодлогогүй барилдаад унасныг бүгд харсан. Барилдааны дараа Завханы гарьд Архангайнхны голцуу суудаг зүүн урд асарт очиж байрлав.
Ч.Санжаадамбын гол өрсөлдөгч Н.Батсуурь долоогийн даваа эхлэхийн өмнө Увсынхны суудаг баруун урд асрыг аавынхаа хамт орхиж, аваргуудын асарт очсон нь учиртай.
Тэр таван бөхөөс нутгийн аварга С.Мөнхбатыг амалсан байлаа. Нэгдүгээрт, өөрийн давах бөхөө амалсан, хоёрдугаарт, сайн найз П.Бүрэнтөгст гурван бөхөөс ам авах боломж олгосон хэрэг.
Гэвч энэ шийдвэр Увсынханд таалагдаагүй нь нууц биш. С.Мөнхбат аварга зүүн талыг тэргүүлдэг байхдаа 1024 бөх барилдсан 2016 оны наадмын наймын даваанд долоон бөхөөс Г.Эрхэмбаяр аваргыг амалж, нутгийн хоёр арсланд ам авах боломж олгосон нь гарцаагүй үнэн. Амиа бодоогүй, нутгаа бодсон юм. Түүнээс хойш эрэмбэ доошилсон, түүндээ сэтгэл дундуур явдаг нь ч үнэн. Тиймээс дүү аваргатайгаа шартай үзэв. Н.Батсуурь ч үүнийг нь тооцоолж, барилдах газар сонгох зэргээр нэлээн шатааж байж давлаа.
Улсын арслан Э.Оюунболд улсын начин Д.Анарыг, улсын арслан Ц.Содномдорж улсын арслан П.Бүрэнтөгсийг хаялцах барьцнаас хаяснаар их шөвгийн дөрвөн бөх тодров.
БАРЬЦ ӨГДӨГ БӨХ ҮЛДСЭН ҮҮ
Долоогийн давааны дараа аваргуудын асарт чухал яриа өрнөлөө. Улсын аварга Н.Батсуурь хэнийг амлахаа аав, улсын харцага Г.Намсрайжаваас асуухад “Барилдах хүн өөрөө мэдсэн нь дээр” хэмээв. Дархан аварга А.Сүхбат ярианд оролцож, “Чамд Гончигдамба нь амар. Содном элдэвтэй, эвгүй. Оюунболд шиг өргөн хүн хэцүү. Тэгээд ч өнөөдөр ямар барилдаж байгааг нь хар” гэсэн бол дархан аварга Х.Баянмөнх аварга “Миний хүү шийдвэрээ өөрөө гарга” гэж зөвлөв. Улсын аварга О.Балжинням, улсын арслан Ж.Хайдав нар ярианд оролцсонгүй. Харин дархан аварга А.Сүхбат Б.Гончигдамбыг амлахыг ятгасаар байлаа. Энэ үед “Увс нуур” бөхийн галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуу чанга дуугаар “Аварга хэнийг амлахаа өөрөө мэдэг” гэж хэлснээр энэ яриа өндөрлөв. Н.Батсуурийг наймын даваанд гарахын өмнө О.Балжинням аварга сугадуулж болохгүйг анхааруулж, аав нь нь яарахгүйг захиж, Х.Баянмөнх аварга хүлээж барилдахыг зөвлөв. Харин залуу аварга “Гончигдамба миний гарыг дарвал би хутгачихна” хэмээж байлаа.
Улсын баяр наадмын их шөвөг, түрүү үзүүрийн барилдаанд хаялцах барьц сонгуулдаггүй дүрэмтэй. Тиймээс хоёр барилдааны хувь заяа урьдчилж таамагласны дагуу ээлжилсэн давхар шуудагны барьцнаас шийдэгдлээ. Ц.Содномдоржийг дагуулж мушгихад нь Э.Оюунболд тэр чигт нь түрээд давав. Харин нөгөө барилдаан чамгүй удааширсан нь Б.Гончигдамба Н.Батсуурийн шуудагнаас барьц авч чадахгүй байсантай холбоотой. Засуул Б.Мөнхбаатар хөлийн цэцүүдэд удаа дараа хандсанаар шуудагны уяаг суллуулав. Барилдаан сая нэг юм давхар золгооноос үргэлжилж, залуу аварга хутгах мэхээр давсан юм.
Н.Батсуурийг өрсөлдөгчдөө барьц өгдөггүй хэмээн тодотгох гэсэнгүй. Энэ бол өнөөгийн үндэсний бөхийн барилдааны нийтлэг төрх. Монгол бөхийн өмсгөл буюу зодог, шуудагны стандарт алдагдсанаар барьц, мэх цөөрч, барилдаан хэт удаашраад дэндүү удлаа. Ширээсний зай 1.2-1.8 см байснаа 3-4 см, эгнээний тоо 9-12 байснаа 37 болж өргөсч, даавуу, савхиар давхарлан оёх болсноор бөхчүүд ярьдгаар “Хуруу байтугай хумс ч багтах зайгүй” гэдэг нь болсон. Ханцуй, мөр, хонхор суганы барьц авах нь нэн ховордож, сэрвүү барилдаан “Улаан ном”-д орох нь холгүй болов. “Монголын биет бус соёлын өвийг тээгч” гэгддэг бөхчүүд шуудагны барьцнаас барилдахад гол анхаарлаа хандуулснаар жин нь нэмэгдэж, хурд нь саарч, техник нь муудаж, уран гоё барилдаан цөөрч, үндэсний барилдаан маань үзэгчдээ алдаж эхэлсэн нь гашуун боловч үнэн. Зодог шуудагны стандартыг бодит байдалд нийцүүлэх, нарийвчлан тогтоох, чанд мөрдөх нь нэр тэргүүний шаардлага мөнсөн.
АРДЫН ХУВЬСГАЛЫН 24 ДЭХ АВАРГА ХЭНТИЙ НУТГААС ТӨРЛӨӨ
Төрийн наадмын тэргүүн байрын төлөөх барилдаанд Э.Оюунболд дэндүү сэргэлэн зан гаргалаа. Тэрбээр золгооны барьцнаас Н.Батсуурийг халж тавиулж, түрж дайрч унагаад сурсан зангаараа гүйчихэв. Хөлийн цэц эцсийн шийдвэрийг гаргаагүй байсан ч баяраа тэмдэглэн гүйж, аавдаа үнсүүлж, үзэгчид рүү хэдэнтээ ёсолж, Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон нэрээр нь дуудаад эхэлсэн юм. Харин муу нэртэй Н.Батсуурь “Барьцаа аваагүй байхад барилдуулсан” хэмээн гомдоллох гэж үзсэн ч аав, нутгийн аваргуудынхаа үгэнд орж, тахимаа өгөхөөс өөр арга байсангүй. Аавтайгаа нийлж, зүй ёсны шаардлага тавьсан замыг цагдаа зодож, улсын наадмаар өрсөлдөгч бөхийнхөө ам руу гараа хийж, аймгийнх нь 90 жилийн ойн баяр наадмын түрүүг өгөхгүй барилдаад байсан өөр аймгийн бөхтэй цохилцож, заалны барилдаанд залуу бөхийг шилэн хүзүүгээр нь чанга унагасан зэрэг үйлдлийнхээ төлөө олон нийтийн ширүүн шүүмжлэлтэй тулгарч байлаа. Тиймээс дахин барилдах гэж гүрийх нь тус биш ус болох магадлал өндөр байсан юм. Н.Батсуурь хэдийгээр зорилгодоо хүрч чадаагүй ч гэсэн хоёр удаа ес даван түрүүлж, хоёр удаа найм давсан амжилтаараа өнөө цагт ид барилдаж буй аваргуудын тэргүүлэхээр болж, нэгэн маргаанд цэг хатгалаа. Тэрбээр үзүүр бөхийн бай шагналаа гардаж авсны дараа сэтгүүлчдэд “Шударга эрэмбийнхээ төлөө барилдаж, дээр нь гарсандаа баяртай байна. Шударга үнэн ялна” хэмээн ярив.
Харин Энхтөгсийн Оюунболд Ардын хувьсгалын жилүүдэд төрсөн Монгол Улсын 24 дэх /Г.Вандан, Г.Самдан, Н.Жамъяан, Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ч.Бээжин, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь нарын дараа/, Хэнтий аймгаас төрсөн гурав дахь, Өмнөдэлгэр сумаас төрсөн хоёр дахь аварга цолтон боллоо. 1993 онд төрсөн тэрбээр 2012 онд аймгийн арслан, 2013 онд улсын харцага, 2015 онд улсын арслан цол хүртэж, монгол бөхийн ертөнцөд цахиур хагалж гарч ирсэн нь үнэн. Бор дарсанд дуртай Э.Оюунболдын бөхийн амжилт улсад анх түрүүлсэн цагаас хойш уналтад орсон нь ч үнэн. Харин энэ өвөл чөлөөт бөхийн “Цастын барс” клубын дасгалуулагч Д.Батням багштайгаа нарийн төлөвлөгөөний дагуу ажилласны хүчинд эргэн гарч ирж чадлаа. Хоёр оны заагт чөлөөт бөхийн олимп, дэлхийн аваргуудын өлгий Дагестанд уулынхантай бүтэн сар хүнд бэлтгэл хийснээр 30 гаруй кг жин хасч, чамгүй бяр сууж, ирснээсээ хойш ч чөлөөт бөхийн заалнаас салаагүй. Энэ жилийн наадмын дэвжээнд өрсөлдөгчийнхөө барьцыг амархан халж тавиулж байгаа бөх түүнээс өөр харагдсангүй. Одоогийн дүрмээр Э.Оюунболдыг олон хаях бөх байхгүй. Өөрөө л хичээж, зөв явбал үндэсний бөхийн оргилд хүрэх боломж түүнд бий.
Дүйз
Гурвын даваа:
ДАР.А Г.Өсөхбаяр (Ар) А.А1 Г.Отгонбаатар (Дор)
У.АВ Ч.Санжаадамба (Ар) А.А Д.Болдбаатар (Өв)
У.АВ Г.Эрхэмбаяр (Сэ) А.А Д.Батбаяр (БХ)
У.АВ Н.Батсуурь (Ув) З.Б О.Хангал (За)
У.АВ С.Мөнхбат (Ув) А.А1 Г.Баяржавхлан (ДуГ)
У.АР П.Бүрэнтөгс (Ув) А.А Г.Төрмөнх (Дор)
У.АР Д.Ганхуяг (Өв) А.А А.Давааням (Хө)
У.АР Х.Мөнхбаатар (Хө) А.А О.Цэцэнцэнгэл (Хэ)
У.АР Э.Оюунболд (Хэ) А.Х М.Жамсрандорж (Тө)
У.АР Ц.Содномдорж (Хө) А.З О.Бундхорол (Өв)
У.АР Д.Азжаргал (ГС) А.А Т.Ядамсүрэн (Өв)
У.АР Р.Пүрэвдагва (Ар) А.Х Ц.Батжаргал (Өв)
У.АР Д.Мөнх-Эрдэнэ (Ар) Ц.З О.Батжаргал (За)
У.Г М.Баяржавхлан (За) А.А Д.Аззаяа (Хэ)
У.Г Д.Рагчаа (Ар) А.А Т.Сайханжаргал (ГА)
У.Г И.Доржсамбуу (Бу) А.А Д.Бадамгарав (Хо)
Дөрвийн даваа:
ДАР.А Г.Өсөхбаяр (Ар) Ц.З О.Батжаргал (За)
У.АВ Ч.Санжаадамба (Ар) А.З Н.Энхжаргал (Сэ)
У.АВ Г.Эрхэмбаяр (Сэ) А.З1 Э.Энх-Амгалан (Бу)
У.АВ Н.Батсуурь (Ув) А.А О.Цэцэнцэнгэл (Хэ)
У.АВ С.Мөнхбат (Ув) А.А Э.Сумъяабат (Бу) 10:15
У.АР П.Бүрэнтөгс (Ув) А.А Д.Аззаяа (Хэ)
У.АР Э.Оюунболд (Хэ) А.А П.Батсүх (За)
У.АР Ц.Содномдорж (Хө) А.А Т.Сайханжаргал (ГА)
У.АР Р.Пүрэвдагва (Ар) А.А Ц.Сандагдорж (Хө)
У.Г Б.Гончигдамба (За) А.А Б.Бат-Орших (БХ)
У.Г Ж.Бат-Эрдэнэ (ГА) А.А Н.Мустафа (БӨ)
У.Г Ш.Жаргалсайхан (За) А.А П.Мөнхбат (Дор)
У.З1 Н.Жаргалбаяр (Сэ) А.А Т.Ядамсүрэн (Өв)
У.З Б.Сайнбаяр (Өв) А.А Н.Баярбаатар (Сэ)
У.З М.Өсөхбаяр (Бу) А.А Ж.Ням-Эрдэнэ (Ув)
У.З Б.Батмөнх (Тө) А.А Б.Цэдэнсодном (Өв)
Тавын даваа:
У.АВ Ч.Санжаадамба (Ар) Ц.З О.Батжаргал (За)
У.АВ Г.Эрхэмбаяр (Сэ) А.А Н.Баярбаатар (Сэ)
У.АВ Н.Батсуурь (Ув) У.Н Б.Ганхуяг (Хө)
У.АВ С.Мөнхбат (Ув) А.А П.Мөнхбат (Дор)
У.АР П.Бүрэнтөгс (Ув) А.А Д.Бадамгарав (Хо)
У.АР Э.Оюунболд (Хэ) А.А Н.Мустафа (БӨ)
У.АР Ц.Содномдорж (Хө) У.Н Ц.Одбаяр (Өм)
У.Г Б.Гончигдамба (За) А.А Б.Тайван (Хо)
У.З1 Н.Жаргалбаяр (Сэ) А.А Ж.Ням-Эрдэнэ (Ув)
У.Х Б.Бат-Өлзий (Хо) А.А Б.Бат-Амгалан (БХ)
У.Х Х.Гантулга (Өв) А.А Б.Цэдэнсодном (Өв)
У.Х М.Бадарч (Ар) А.А А.Давааням (Хө)
У.Х О.Хангай (Хо) У.Н Д.Цэрэнтогтох (БХ)
У.Н2 Э.Энхбат (Бу) У.Н Б.Амарзаяа (Ар)
У.Н Д.Анар (Дор) У.Н Д.Амарсайхан (Бу)
А.А1 Б.Орхонбаяр (Сэ) А.А Ц.Сандагдорж (Хө)
Зургаагийн даваа:
У.АВ Ч.Санжаадамба (Ар) А.А А.Давааням (Хө)
У.АВ Н.Батсуурь (Ув) А.А Ж.Ням-Эрдэнэ (Ув)
У.АВ С.Мөнхбат (Ув) А.А Н.Баярбаатар (Сэ) 33:41
У.АР П.Бүрэнтөгс (Ув) У.Н2 Э.Энхбат (Бу)
У.АР Э.Оюунболд (Хэ) А.А Б.Цэдэнсодном (Өв)
У.АР Ц.Содномдорж (Хө) А.А1 Б.Орхонбаяр (Сэ)
У.Г Б.Гончигдамба (За) У.Н Д.Цэрэнтогтох (БХ)
У.Х Б.Бат-Өлзий (Хо) У.Н Д.Анар (Дор)
Долоогийн даваа:
У.АВ Ч.Санжаадамба (Ар) У.Г Б.Гончигдамба (За)
У.АВ Н.Батсуурь (Ув) У.АВ С.Мөнхбат (Ув)
У.АР П.Бүрэнтөгс (Ув) У.АР Ц.Содномдорж (Хө)
У.АР Э.Оюунболд (Хэ) У.Н Д.Анар (Дор)
Наймын даваа:
У.АВ Н.Батсуурь (Ув) У.Г Б.Гончигдамба (За)
У.АР Э.Оюунболд (Хэ) У.АР Ц.Содномдорж (Хө)
Есийн даваа:
У.АВ Н.Батсуурь (Ув) У.АР Э.Оюунболд (Хэ)
Д.Нанжид
Д.Жавхлан
Сэтгэгдэл (57)