Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ойн баяр наадмаар зургаа давж улсын харцага цол хүртсэн Доржийн Анарын цолны мялаалга наадам түүний төрөлх нутаг Дорнод аймгийн Дашбалбар суманд хоёр өдөр өргөн дэлгэр болж, өнөөдөр өндөрлөлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Б.Сугаржаргал, Б.Серик, аймгийн арслан Д.Ариунмөрөн, П.Мөнхбат тэргүүтэй олон цолтон үнэн хүчийг үзэн барилдав.
Барилдаанд улсын начин Б.Серик түрүүлж, аймгийн арслан П.Мөнхбат түрүүлжээ. Энэ үеэр шинэ харцагын нутгийн зон олон Д.Анарт 20 сая төгрөг, суурь хоног бэлэглэсэн байна. Улсын харцага Д.Анар нь 2012 онд Дорнод аймгийн Баяр наадамд сумын заан Э.Мөнхзоригтой тунан барилдаж аймгийн начин, 2014 онд аймгийн арслан Д.Ариунмөрөнгөөр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байв. 2016 оны Баяр наадмаар аймгийн хурц арслан (одоогийн улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар тав давж начин цол хүртсэн бөгөөд өнөө жил улсын начин Д.Амарсайханаар тав давж, өсөх идэр чимэг, харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давснаар харцага цолны эзэн болсон юм.
Б.Жаргал