Энэ жилийн "Утгын чимэг" наадмыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн шагналт зохиолч Д.Намсрайгийн нэрэмжит болгон зохион байгуулсан билээ. Наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд шигшигдэж үлдсэн 10 өгүүллэгийг уран уншигчид уншсан байна. Монголын зохиолчдын эвлэлийн 97 жилийн өдөр зохион байгуулсан "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов түрүүлжээ. Тэрээр ийнхүү "Утгын чимэг" наадамд гурав дахиа түрүүлж байгаа ажээ.
Наадмын тэргүүн байрт төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс" өгүүллэг шалгарсан бол дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар" өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр" өгүүллэг шалгарчээ. "Утгын чимэг-2019" наадмын "Шилдэг уран уншигч"-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорсон байна.