Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 17-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 9070 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал Улаанбаатарт 18 халдвар илэрсэн байна. Эдгээр нь Баянзүрх нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүний хавьталуудаас илэрлээ. Тэдний хавьтал болсон 645 хүнийг олж, 496 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эдгээр хүнээс халдвар илрээгүй. 379 хүнийг тусгаарласан. Батлагдсан тохиолдолын хавьтлыг тогтоож, шинжилгээ авч байна. Улаанбаатарт бүртгэгдсэн 168 тохиолдол боллоо.
Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 488 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 941 болсон. Үүнээс 473 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 459 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 32, хөнгөн 416 байна" гэв.
Б.Баатар