
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи даваа гарагт улсынхаа санхүүгийн тогтворгүй байдалд орж болзошгүй дарамтыг үл харгалзан 8 хувийн хүнсний татвараа хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх амлалтыг өгч, ээлжит бус сонгууль зарлах гэж байна. Тэрбээр ирэх баасан гарагт парламентаа тарааж, бүх нийтийн сонгууль зарлах юм.
Япончууд санхүүгийн асуудалтай байгаа энэ үед бондын өгөөж хэдэн арван жилд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэж тэр мэдэгдэв. Энэ үед сөрөг хүчний олон намын санал болгосон хэрэглээний татварын бууралт нь тус улсын орлогод асар их цоорхой үүсгэж болзошгүй байгаа юм. Гэвч Санаэ Такайчи сөрөг хүчнийхнээ дэмжин ажиллахаа амлаад байна.
Япон улс хүнсэнд 8 хувийн хэрэглээний татвар, бусад бараа, үйлчилгээнд 10 хувийн татвар ногдуулдаг нь хурдацтай хөгширч буй хүн амынхаа нийгмийн халамжийн зардлыг олох гол үндэс болдог ажээ. Такайчи хэлэхдээ, 8 хувийн хүнсний татварыг хоёр жилийн хугацаанд чөлөөлөх нь амьжиргааны өртгийн өсөлтөөс үүдэлтэй өрхүүдэд учрах цохилтыг зөөлрүүлнэ гэжээ. Засгийн газар түр зогсоох арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд өр тавихгүй гэж тэр хэлээд, бусад арга хэмжээнд одоо байгаа татаасыг хянах зэрэг арга хэмжээ орж болно гэж нэмж хэлэв.
"Бид өмнөх эдийн засаг, төсвийн бодлогыг шинэчлэн өөрчлөх болно. Миний засаг захиргаа хэт хатуу төсвийн бодлого, ирээдүйд хөрөнгө оруулалт дутагдаж байгааг зогсоох болно" гэж Такайчи хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Борлуулалтын татварын бууралтын хэтийн төлөв нэмэгдэж, Такайчи сонгуульд ялалт байгуулж, санхүүгийн тэлэлтийн бодлогоо бататгах хүлээлттэй байгаа нь Даваа гарагт Японы 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг 27 жилд байгаагүй дээд түвшин болох 2.275 хувь хүртэл өсгөжээ.
Л.Баяр



















































