
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён тэргүүн хатагтай Ким Хе Гён нарын хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд Сангийн сайд З.Мэндсайхан БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолийг хүлээн авч уулзлаа.
Сангийн сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа дахин айлчилж байгаа энэхүү айлчлалын хүрээнд уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНСУ нь манай улсын 3 дахь хөрш төдийгүй стратегийн ойрын түнш орон бөгөөд хоёр улсын хооронд 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл болон бүс нутгийн түвшний өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлсээр байгаа”-г онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын хүрээнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нэн эртний түүхэн гүн гүнзгий уламжлалтай бөгөөд цаашид стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргах өргөн боломжтой тухайд санал нэгдлээ.
БНСУ-ын дэвшилтэт технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан, инновац, үйлдвэрлэлийн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, Монголын байгалийн нөөц баялаг, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нэмүү өртөг шингээн боловсруулах, улмаар бүс нутагт экспортоо нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахын чухлыг онцлов.
Сангийн сайд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, цаашид нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
























































