
Ирантай хурцадмал байдал үүссэн учир АНУ-ын цэргийн хүчин Ойрхи Дорнодод олон өдрийн агаарын сургуулилт хийхээр төлөвөлөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран руу "армада" явж байгааг анхааруулж, засгийн газар нь жагсагчдын харгис хэрцгий арга хэрэглэж, тэднийг хөнөөж байгаа дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн билээ. Хэлсэн үгэндээ хүрэхэд ойрхон байна.
Ойрхи Дорнод, Баруун болон Төв Ази дахь АНУ-ын цэргийн хүчийг хянадаг Төв командлалын дурдсанаар, "USS Abraham Lincoln" нисэх онгоц тээгч цохилтын бүлэг аль хэдийн иржээ.
Гэсэн хэдий ч Трамп АНУ Ираны эсрэг ямар арга хэмжээ авах талаар тодорхой шийдвэр гаргаагүй гэж эх сурвалжууд CNN-д мэдээлэв.
"Бид энэ чиглэлд олон хөлөг онгоц явуулж байна. Ямар нэгэн зүйл болох эсэхийг хэлж мэдэхгүй байна, гэхдээ бид тэднийг маш анхааралтай ажиглаж байгаа" гэж Трамп Баасан гарагт хэлэв. Мэдэгдэлд цэргийн сургуулилтын байршил, үргэлжлэх хугацаа, мөн ямар бие бүрэлдэхүүн оролцохыг тодорхой заагаагүй байна.
АНУ болон Ираны хооронд улам хурцадмал байдал үүсээд буй. АНУ-д төвтэй Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээллийн агентлаг (HRANA)-ийн мягмар гарагт мэдээлснээр, Иранд өнгөрсөн сарын сүүлээр жагсаал цуглаан эхэлснээс хойш 5800 гаруй эсэргүүцэгч амиа алджээ. Тус агентлагаас нэмж 17091 хүний нас барсан эсэхийг хянаж байгаа ажээ.
Л.Баяр


























































