
НАСА хагас зууны дараа анх удаа сансрын нисгэгчдийг саран дээр буулгах оролдлогынхоо өмнө Артемис хөтөлбөртөө нэмэлт даалгавар нэмж байна. Анхны төлөвлөгөө нь одоогоор дөрөвдүгээр сард төлөвлөгдсөн Артемис II даалгаврын хүрээнд сарыг тойрон нисч, дараа нь 2028 онд Артемис III-аар саран дээр газардах оролдлого хийх байв.
Гэвч багийнхан 2027 онд сарны буугч төхөөрөмжтэй залгах дадлага хийхийн тулд дэлхийн нам тойрог замд нисэхээр болжээ. НАСА энэхүү нэмэлт нислэг нь сар руу буцаж ирэх даалгаврыг удаашруулахгүй гэж мэдэгдсэн бөгөөд тэд 2028 онд Артемис IV болон V хөлгүүдээр саран дээр хоёр удаа газардахаар зорьж байгаа ажээ.
НАСА-гийн захирал Жаред Исаакман хэвлэлийн бага хурал дээр Артемис хөтөлбөрт нэмэлт алхам нэмж байгаагаа гэж мэдэгдээд, хөлгүүдийн хөөргөлтүүдийн хооронд урт завсарлага авахыг хүсээгүйгээ дурджээ.
Тэрбээр дэлхийн нам дор тойрог замд нэмэлт нислэг хийснээр саран дээр газардахаас өмнө технологийг туршихад дөхөм болно гэжээ. АНУ-ын сансрын агентлаг мөн Артемис II хөлгийн талаарх шинэчилсэн мэдээллийг өгсөн бөгөөд уг нислэгийн үеэр дөрвөн сансрын нисгэгч сарны цаагуур тойрон нисэх туршилт хийснээр дэлхийд эргэн ирнэ
НАСА гуравдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байсан ч Space Launch System (SLS) пуужингаас гелийн алдагдал илэрсэний дараа төлөвлөгөө нь хойшилсон.
Пуужинг одоо хөөргөх тавцангаас Флорида мужийн Кеннеди сансрын төвийн Тээврийн хэрэгслийн угсралтын барилга руу аваачиж, тэнд засвар хийхээр болжээ. Хамгийн эрт хөөргөх боломж одоо дөрөвдүгээр сард байгаа ч НАСА яг тодорхой огноо хэлээгүй байгаа. Гэхдээ энэ нь техникийн ажил хэр удаан үргэлжлэхээс хамаарна гэж мэдэгдэв.
Л.Баяр























































