
Ойрх Дорнодод үргэлжилж буй АНУ–Израил–Ираны мөргөлдөөн найм дахь долоо хоногтоо орж, дэлхийн эрчим хүч, аюулгүй байдал, олон улсын дипломат харилцаанд хүчтэй нөлөөлсөөр байна. Сүүлийн өдрүүдэд гал зогсоох боломжийн талаар эерэг дохио гарч эхэлсэн ч нөхцөл байдал тогтворжоогүй хэвээр байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай “маш сайн яриа хэлэлцээ” өрнүүлж байгаа гэдгээ саяхан олон нийтэд мэдээлсэн. Мөн талууд хэлэлцээр байгуулах бүрэн боломжтой байгааг онцолжээ. Ираны Гадаад хэргийн яам ч АНУ-ын санал болгосон төлөвлөгөөг “судалж байгаа” гэж мэдэгджээ.
Энэ зуур АНУ “Project Freedom” нэртэй Ормузын хоолойг хянаж байсан цэргийн ажиллагаагаа түр зогсоосон нь дипломат гарц хайж байгаагийн шинж гэж ажиглагчид үзэж байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол судал болох Ормузын хоолой дээр нөхцөл байдал эмзэг хэвээр байна. Олон улсын мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 800 гаруй усан онгоц уг бүсэд саатсан бөгөөд эрчим хүчний зах зээлд савлагаа үүсээд байна.
Иран АНЭУ руу пуужин, дрон ашиглан довтолсон гэх мэдээлэл гарсан ч Тегеран үүнийг няцаажээ. Харин АНЭУ агаарын довтолгоонуудыг тосон устгасан гэж мэдэгдсэн байна. Үүсээд буй эрсдэлийн улмаас Герман улс шатахууны нийлүүлэлтдээ санаа зовниж эхэлсэн бөгөөд Израил Герман руу онгоцны түлш нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Израилын арми Бейрут хотод гал зогсоох хэлэлцээрээс хойш анх удаа агаарын цохилт өгсөн нь бүс нутгийн нөхцөл байдлыг дахин хурцатгав. Израилын тал уг ажиллагаа нь “Хезболлагийн өндөр албан тушаалтныг онилсон” гэж мэдэгдсэн байна.
Үүний дараа “Хезболла” бүлэглэл Израилын байрлал руу пуужин болон дрон харвасан талаар мэдээлжээ. Ливанд мөргөлдөөн эхэлснээс хойш 2700 гаруй хүн амь үрэгдсэн гэх тоо бий.
"The Washington Post" сонины хиймэл дагуулын зурагт үндэслэсэн мөрдөн шалгах нийтлэлд дурдсанаар, Ираны пуужингийн довтолгоонууд АНУ-ын цэргийн баазуудад урьд нь мэдээлж байснаас хавьгүй их хохирол учруулсан байна.
Тодруулбал, 15 цэргийн бааз дахь 228 объект өртсөн, нисэх онгоцны ангар, радарын систем, түлшний агуулахууд сүйдсэн, 7 америк цэрэг амиа алдаж, 400 гаруй хүн шархадсан гэж мэдээлжээ. Шинжээчид Ираны дрон болон нарийвчлалтай пуужингийн хүчин чадал АНУ-ын тооцоолсноос өндөр байсныг онцолсон байна.
Хэрэв хэлэлцээр амжилтгүй болбол АНУ “илүү хүчтэй цохилт” өгөхөө анхааруулсан бөгөөд бүс нутагт шинэ шатны томоохон мөргөлдөөн үүсэх эрсдэл хэвээр байна.
Л.Баяр
















































