
АНУ–Ираны мөргөлдөөн үргэлжилж буй энэ үед америк цэргүүдийн амь үрэгдсэн болон шархадсан тоо олон нийтийн анхаарлыг татаж байна. Дайны эхний долоо хоногоос хойш АНУ-ын Батлан хамгаалах яам болон цэргийн байгууллагууд хохирлын талаарх мэдээллээ үе шаттайгаар шинэчилж байгаа юм.
Одоогийн байдлаар Ирантай холбоотой цэргийн ажиллагааны үеэр дор хаяж 13 америк алба хаагч амь үрэгдэж, 380 гаруй хүн шархадсан талаар мэдээлэгдээд байна.
Амь үрэгдсэн цэргүүдийн дунд Кувейт дэх баазад болсон дроны халдлагад өртсөн армийн алба хаагчид, Саудын Араб дахь довтолгоонд шархадсаны улмаас нас барсан цэрэг, мөн Иракт түлш цэнэглэгч KC-135 онгоц осолдож амиа алдсан агаарын хүчний зургаан алба хаагч багтаж байна. Зарим тохиолдол шууд дайралтын улмаас бус, цэргийн ажиллагаатай холбоотой осол болон эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж Пентагон тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ Ираны цохилтууд АНУ-ын бүс нутгийн хэд хэдэн цэргийн байгууламжид ихээхэн хохирол учруулсан талаар хиймэл дагуулын зураг болон шинжилгээнүүд харуулж байна. Персийн булан орчмын АНУ-ын баазуудын барилга, техник хэрэгсэл гэмтэж, зарим байгууламж бараг ашиглах боломжгүй болсон тухай мэдээлэл гарчээ.
Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп дурсгалын өдрийн үеэр Ираны мөргөлдөөнд амь үрэгдсэн 13 цэргийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, “Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй” гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
АНУ болон Ираны хооронд гал зогсоох болон дипломат хэлэлцээ үргэлжилж байгаа ч мөргөлдөөний хүний болон цэргийн өртөг өссөөр байгаа нь дотоод улс төр, олон улсын харилцаанд шинэ маргаан дагуулж эхэлжээ.
Л.Баяр

























































