
Монголын сонгодог урлагийн ноён оргил, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй авьяаслаг уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар билээ.
Тэрбээр Герман улсын Берлин хотын Staatsoper Unter den Linden театрт “Набукко” дуурийн Набуккогийн дүрийг бүтээж тавдугаар сарын 23-ны өдөр анхны тоглолтоо амжилттай эхлүүллээ. Тоглолтыг театрын гадна талбайд 10,000 орчим үзэгчдэд шууд дамжуулан хүргэсэн байна. Дараагийн тоглолтууд тавдугаар сарын 27, 30, зургаадугаар сарын 3, 6-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Тэрбээр "Staatsoper Unter den Linden"-ий тайзнаа дуулах нь дуурийн дуучдын хувьд өндөр шалгуур, нэр төрийн хэрэг хэмээн онцоллоо. Ирэх арванхоёрдугаар сард дэлхийн нэрт сопрано Анна Нетребкотой хамт “Набукко” дуурьт дахин тоглох аж.
2026 оны эхний хагаст Дэлхийн ТОП зэрэглэлийн дуурийн театрууд болох Францын үндэсний дуурийн театр Мюнхений Баварын улсын дуурийн театр (Bayerische Staatsoper), Москвагийн Большой театр, Санкт-Петербургийн Мариинский театр, Италийн Женова хотын Teatro Carlo Felice, Испанийн Лас Пальмас хотын Pérez Galdós театр зэрэгт Вердийн “Трубадур”, “Бал маскарад”, “Риголетто”, “Отелло”, “Набукко”, “Симон Бокканегра” зэрэг дууриудын гол дүрийг амжилттай дуулаад байна.


























































