
Сенегалын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хямрал дуусах болоогүй бололтой. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Бельгийн шигшээ багтай хийсэн тоглолтын 85 дахь минут хүртэл 2-0 харьцаатай тэргүүлж байсан ч дараалан 3 гоол алдаж, тэмцээнээс хасагдсан гашуун ялагдлын араас бас нэгэн шинэ шуугиан дэгдлээ.
Сенегалын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Хөлбөмбөгийн холбоо нь нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ. Тамирчид нисэх онгоцны буудал дээр хэдэн цагийг өнгөрөөсний эцэст аргагүйн эрхэнд буудал руугаа буцсан бөгөөд холбоо нь одоо Дакар руу буцах нислэг олохын тулд ФИФА-гаас тусламж хүсэж байна.
Энэхүү нислэгийн асуудал нь сүүлийн долоо хоногуудад Сенегалын багт өрнөөд байсан санхүү, зохион байгуулалтын ноцтой доголдлын зөвхөн нэг хэсэг нь юм. Тамирчид Африкийн Үндэстнүүдийн цомд (AFCON) түрүүлсэн болон ДАШТ-д оролцох эрхээ авсны урамшууллаа одоог хүртэл аваагүй байгаа аж. Түүнчлэн ахлах дасгалжуулагч Папе Тиав гэрээгүйгээр ажиллаж байсан бөгөөд холбоо түүнд зургаан сарын цалингийн өртэй байгааг эх сурвалжууд баталжээ. Мөн холбоо нь төсөв хэмнэх үүднээс хямд зочид буудал сонгож, багийн тогоочийг авчраагүйн улмаас мэргэжлийн тамирчид дэлхийн хамгийн том тэмцээний үеэр зөв хооллохын тулд орон нутгийн дэлгүүрээс өөрсдийн мөнгөөр хоол хүнсээ худалдаж авахад хүрч байжээ.
Удирдлагуудын энэхүү хариуцлагагүй байдал нь тамирчдын тэвчээрийг барахад хүргэж байна. Тэмцээнээс хасагдсаны дараа хагас хамгаалагч Папе Гуйе дасгалжуулагчдын багтай таарамжгүй байгаагаа илэрхийлж, шигшээ багаасаа түр завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр Инстаграм хуудсандаа "Энэхүү дасгалжуулагчдын баг байгаа цагт би шигшээ багийнхаа төлөө дахиж тоглохгүй" хэмээн бичсэн байна. Ийнхүү Сенегалын шигшээ багийн АНУ дахь аялал бүрэн утгаараа эмх замбараагүй байдлаар өндөрлөж, тус улсын Хөлбөмбөгийн холбоо гүн хямралд орсныг дэлхий нийтэд харууллаа.














































