
Португалын шигшээ багийн супер од Кристиано Роналду Испанийн шигшээ багийн эсрэг шөвгийн 16-д 1:0-ээр хожигдсоны дараа энэ нь өөрийнх нь сүүлчийн ДАШТ байсан гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр тэр долоо дахь удаагаа дэлхийн аваргад оролцохгүй гэдгээ баталгаажуулав.
Тэрбээр тоглолтын дараа SportTV сувагт өгсөн ярилцлагадаа, "Би зүгээр байна. Харин ДАШТ-ийг ийм байдлаар өндөрлүүлж байгаадаа харамсаж байна. Гэхдээ өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэнчлэн би бүх хүчээ дайчилсан. Тиймээс сэтгэл тайван явж байна. Энэ бол хөлбөмбөгчний амьдрал. Заримдаа ялдаг, заримдаа ялагддаг. Гэхдээ үргэлж урагшлах хэрэгтэй. Энэ бол миний сүүлчийн ДАШТ байсан. Одоо гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, сэтгэл хөдлөлөөр бус тайван үедээ дараагийн шийдвэрээ гаргана" гэжээ.
Мөн тэрбээр, "Маргааш би сэтгэл амар сэрнэ. Би Португалын төлөө гурван томоохон цом хүртсэн. Үүнд Европын аварга шалгаруулах тэмцээний нэг, Үндэстнүүдийн лигийн хоёр түрүү багтана. Кристианогоос өмнө Португал ийм хэмжээний цол хүртэж байгаагүй. Тиймээс би хийсэн бүхэндээ сэтгэл хангалуун байна. Маргааш шинэ өдөр эхэлнэ, амьдрал үргэлжилсээр байх болно" хэмээн ярьжээ.
41 настай Роналду 2006 онд Германд болсон ДАШТ-д анх оролцож, Ираны эсрэг анхны гоолоо оруулсан бөгөөд Португалын шигшээг 40 жилийн дараа анх удаа хагас шигшээд хүргэж байв. Тэрбээр үүнээс хойш 2010 оны Өмнөд Африк, 2014 оны Бразил, 2018 оны ОХУ, 2022 оны Катарын ДАШТ-д оролцож, бүх тэмцээндээ дор хаяж нэг гоол оруулсан юм.
Харин 2026 оны ДАШТ-д Узбекистаны эсрэг тоглолтод гоолдсоноор дэлхийн аваргын зургаан өөр тэмцээнд гоол оруулсан түүхэн дэх анхны тоглогч болсон билээ.
Роналду ДАШТ-д нийт 27 тоглолтод оролцож, 11 гоол оруулсан бөгөөд энэ нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх амжилт юм.
Л.Баяр





















































