
Сассексийн гүн, ханхүү Харри болон гүнгийн авхай Меган Маркл нар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирж, хүүхдүүдийнхээ хамт тодорхой хугацаанд амьдрахаар болжээ. Тэд хүү Арчи, охин Лилибет нарын хамт энэ сарын сүүлээр АНУ-ын Калифорни мужаас Их Британид очихоор төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв.

Тэдний хүүхдүүд болох 7 настай Арчи болон 5 настай Лилибет нар есдүгээр сараас Их Британийн сургуульд суралцаж эхлэхээр бүртгүүлсэн байна. Гэр бүл Лондонгийн гадна байрлах, хааны гэр бүлийн эзэмшилд хамаарахгүй хувийн орон сууцанд амьдрах аж. Тэд Калифорни дахь гэр болон Португал дахь амралтын байшингаа хадгалж үлдэхээр төлөвлөжээ.
Гэхдээ энэ нь Харри, Меган нар хааны гэр бүлийн албан үүргээ эргэн гүйцэтгэнэ гэсэн үг биш юм. Тэд 2020 онд хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даасан амьдрал сонгон АНУ руу нүүж, энгийн хүмүүсийн статустай байна.
Тэдний эргэж ирэх болсон шийдвэрийн нэг чухал шалтгаан нь Харригийн эцэг, хаан III Чарльзтай харилцаагаа ойртуулах хүсэл гэж хэвлэлүүд тайлбарлаж байна. Харри өнгөрсөн сард Их Британид айлчлахдаа Чарльз хаантай уулзаж, мөн хүүхдүүдээ өвөөтэй нь уулзуулсан нь гэр бүлийн харилцаа аажмаар сайжирч байгааг харуулсан.
Гэхдээ Харригийн ах, ханхүү Уильямтай харилцаа одоогоор хэвээрээ хүйтэн байгаа гэх мэдээлэл бий. Харри, Меган нарын Их Британид буцаж ирэх шийдвэрийг Уильям, Кейт Миддлтон нарт мөн мэдэгдсэн байна.
Сонирхолтой нь Харри өмнө нь гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж, Их Британид хүүхдүүдээ авчрахад цагдаагийн хамгаалалт шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Түүний Их Британи дахь хамгаалалтын асуудлаарх хууль эрх зүйн маргаан ч үргэлжилж байгаа юм.






















































