
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путины өрсөлдөгч байсан сөрөг хүчний улстөрч Борис Надеждин өдгөө эх орноосоо цөлөгдөн амьдарч байна. Тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Украины дайныг эсэргүүцсэн байр суурьтайгаар Путины эсрэг нэр дэвшихийг оролдсон юм.
Надеждин CNN-ийн сэтгүүлч Клэр Себастиантай ярилцахдаа, Оросын дотоод нөхцөл байдал, дайны талаарх нийгмийн хандлага болон Кремлийн удирдлагын байр суурийн талаар ярьжээ.
Түүний хэлснээр, Оросын нийгэмд дайныг зогсоох хүсэл улам бүр хүчтэй болсон байна.
“Хүн бүр дайныг зогсоохыг хүсэж байгаа гэсэн ойлголт нийгэмд байна. Энэ нь элитүүдийн дунд ч, Путины эргэн тойрон дахь хамгийн ойрын хүмүүсийн дунд ч бий.”
Надеждин Украины дайны үр дагавар Оросын эдийн засаг болон хотуудад хэрхэн нөлөөлж байгааг эрх баригчид ойлгож байгаа гэж үзэж байна.
CNN-ийн сэтгүүлч түүнээс “Путин үүнийг ойлгож байгаа юу?” хэмээн асуухад Надеждин:
“Тийм ээ. Путин болон түүний эргэн тойрон дахь хүмүүс үүнийг ойлгож байгаа. Би үүнд огт эргэлзэхгүй байна” гэж хариулжээ.
Борис Надеждин нь Оросын либерал сөрөг хүчний улстөрч бөгөөд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Украины дайныг зогсоохыг гол байр сууриа болгосон юм. Түүний нэр дэвших оролдлого Оросын эрх баригчдын хатуу хяналтад орсон бөгөөд шаардлагатай дэмжлэгийн гарын үсгийг цуглуулсан эсэхтэй холбоотой асуудлаар сонгуулийн байгууллага түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан. Надеждин сонгуулийн үеэр дайныг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж, Путины олон жилийн засаглалыг шүүмжилсэн цөөн улстөрчийн нэг болсон юм.
Л.Баяр


























































